Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 02:28:20
Улаанбаатар хотын захиргааны дарга
1929-1930 он

Л.Мижиддорж хуучин Засагт хан аймаг, Нөмрөг уулын хошуу, одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт 1902 онд төрсөн. Гэрийн сургуулиар бичиг үсэгт суралцаж, 1922, 1924 онд МХЗЭ, МАХН-д гишүүнээр элссэн. 1922 оноос Завхан аймгийн захиргаанд бичээч, намын хорооны тэргүүлэгч, суртлын эрхлэгчээр ажиллаж байжээ.
Л.Мижиддорж 1929 оны 8 дугаар сарын 13-нд Засгийн газрын эрхлэгч товчооны 8 дугаар тогтоолын дөрөвдүгээр зүйлээр Улаанбаатар хотын захиргааны даргаар томилогдож, 1929 оны 12 дугаар сард хуралдсан хотын захиргааны 7 дугаар их хуралд хотын захиргаанаас нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг тавьж хэлэлцүүлсэн байна.
Л.Мижиддорж хотын захиргааны дарга байхдаа 1930 оны эхээр баруун аймагт гарсан “Төгс буянт”-ын бослогыг дарах ажлыг хариуцсан Б.Элдэв-Очир даргатай Засгийн газрын комиссын бүрэлдэхүүнд оролцож чухал үүрэг гүйцэтгэсэн, мөн 1929 оны наймдугаар сараас 1930 оны 3 дугаар сар хүртэл Солонгосын ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэгч Хим-Цо-Бай гэдэг хүнийг өөрийн гэртээ хамгаалалтад авч тал бүрийн туслалцаа үзүүлж байсан зэрэг түүний шударга үйл ажиллагаа, хүмүүнлэг сайн чанарыг тэр үед Мижиддоржтой нэгэн гэрт хэсэг хугацаанд хамт амьдарч байсан Ардын хувьсгалын партизан П.Нямхүү гуай дурсан ярьжээ.
дэлгэрэнгүй »
Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 01:58:01
Улаанбаатар хотын захиргааны дарга, Улаанбаатар аймгийн дарга, Улаанбаатар хотыг захирах яамны дарга
1927-1929, 1930-1931, 1936-1939 он
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын даргаар гурван удаа сонгогдон ажиллаж байсан Д.Гомбожав хуучин Түшээт хан аймгийн Ахай гүний хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, 1898 онд төрсөн хүн байжээ.
Гомбожав, эцгээ насан өөд болсны дараа эх Дуламжавын гар дээр өсч хүмүүжсэн ядуу ард гаралтай нэгэн байв.
Зургаа, долоон настайдаа Цэргийн яамны түшмэл гүн Балдан гэдэг хүнээр бичиг үсэг заалган, 15 наснаас Хиагтын төмөр утасны хороонд манаач, дараа нь бусдын ацаг /хөлсөөр хийх ажил/ авч Хүдэрийн харуулын цэрэгт алба хаажээ.
1920 оноос гамин цэрэгтэй тэмцэн явсаар 1921 онд ардын журамт цэрэгт элсэн Д.Сүхбаатарын удирдлагаар 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагтыг чөлөөлөхөд дөрвөн пулемётын нэгний наводчикоор байлдаж, дараа нь Хүрээг чөлөөлөхөд пулемётын наводчик явсан ардын хувьсгалын анхны партизан, цэрэг байсан ажгуу.
Д.Гомбожав 1921-1927 онд ардын цэрэгт салаа, хороо, бригадын дарга, суртлын сургагч, цэргийн ерөнхий сургуулийн комиссар, цэргийн шүүхийн дарга, 1933 онд бүх цэргийн прокурор, 1934-1936 онд БНМАУаас Тагна Тува улсад суух элчин сайдаар ажиллаж байжээ.
дэлгэрэнгүй »
Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 01:53:26
Улаанбаатар хотын захиргааны дарга
1926-1927 он
С.Батсүх Богд хан уулын аймаг /хуучин Түшээт хан аймаг/ Хунцалцавчид уулын хошуу, одоогийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, 1901 онд төрсөн хүн юм.Багадаа бичиг үсэгт гэрээр суралцсан гэдэг.
1924 оноос хотын захиргаанд ажиллаж байхдаа Сүхбаатарын нэрэмжит төв клубт сурган гэгээрүүлэх бүлгэмд суралцаж, дараа нь хотын захиргааны орлогч даргаар ажиллаж байжээ.
С.Батсүх Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 1926 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар тогтоолын дөрөвдүгээр зүйлээр хотын захиргааны даргаар томилогдон мөн оны 12 дугаар сард хуралдсан хотын төлөөлөгчдийн II их хуралд хотын захиргааны ажлын тайлан тавьж хэлэлцүүлж байжээ.
Тэр их хурлаас хотын захиргааны дарга, мөн Улаанбаатар хотын улсын III их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ.
дэлгэрэнгүй »
Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 01:38:41
Улаанбаатар хотын түр, жинхэнэ захиргааны дарга
Сэцэнхан аймгийн Ачит Бээсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Булган сумын харьяат Моононгийн Баяр нь 1892 онд төрсөн, ард гаралтай, малчин амьдралтай нэгэн байжээ.
Идэвх хичээлээрээ бичиг үсэг сурч хошуу сумандаа бичээчийн ажил хийж байгаад Цэргийн яаманд албан хаах болжээ.
1922 онд Цэргийн яамны гуравдугаар үүрт Хатанбаатар Магсаржав нарын хамт нэгэн өдөр МАХН-д гишүүнээр элссэн гэдэг.
М.Баяр 1926 оноос Хятадын Жанчхүүд хоршооны хэлтэст томилогдон ажиллаж байгаад дараа нь Дорнод аймгийн хоршооны II ангийн дарга, мөн гар үйлдвэрийн холбооны дарга, аймгийн яаманд аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байжээ.
1921 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Монгол ардын намын Төв Хороо, Ардын түр Засгийн газар Нийслэл хүрээнд ирж, Засгийн эрхийг Ардын түр засгийн мэдэлд авч, Засгийн газрыг өргөтгөн байгуулж Богдын Засгийн газрыг татан буулгаснаас хойш Нийслэл хотын түр захиргаа байгуулах хүртэл Нийслэл хүрээний дотоод хэргийг Дотоод яам эрхэлж байв.М.Баяр нь Улаанбаатар хотын анхны дарга.
дэлгэрэнгүй »