Нөөцийн махыг худалдаалж эхэллээ
Огноо: 2012-01-17 | Үүсгэсэн: 2012-01-17 15:36:44
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг худалдаалж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн мах борлуулж буй байдалтай танилцлаа. Мах импекс, Жаст Агро, Мах экспорт зэрэг 21 компани 12000 тн нөөцийн махыг бэлтгэж дүүрэг бүрийн 2-3 цэгээр борлуулаж эхлээд байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 319 дэлүүрт худалдаална.
Энэ жил нөөцийн махыг эрт гаргаж байгаа нь махны үнийн хөөрөгдлийг бууруулах зорилготой юм. Өнгөрсөн жилийн нөөцийн мах худалдаалах үеэр махны чанарын талаар яригдаж байсан. Харин энэ жилийн хувьд иргэд нөөцийн махны савалгаа болон чанарын хувьд сэтгэл хангалуун байна гэдгээ Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярт хэлж байлаа. Зарим иргэд нөөцийн махыг их хэмжээгээр худалдан авч үнийг хөөрөгдөх тохиолдол өмнөх жилүүдэд гарч байсан. Тэгвэл энэ асуудлыг зөвөөр шийдхийн тулд нэг хүний өдөрт худалдан авах махны хэмжээг тодорхой болгох хэрэгтэй байна гэж борлуулагчид хотын мээрт хэлж байлаа. Нөөцийн махыг долдугаар сар хүртэл худалдахаар төлөвлөж байгаа бөгөөд сар бүр худалдах махыг нарийн төлөвлөсөн болхоор хангалттай хүрэлцэнэ гэж мэргэжлийн албаны хүмүүс хэлж байна. Үхрийн мах 3700, хонь 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр борлуулж байгаа юм.