Жимсчин хатагтай
Огноо: 2010-09-09 | Үүсгэсэн: 2010-09-09 04:00:28
Нийслэл хот байгуулагдсны ойн баярын өдөр энэ жилээс эхлэн талархлын өдөр гэсэн давхар баяртай болно. Энэ санааг хотын мээр Г.Мөнхбаяр дэвшүүлээд байгаа билээ. Дэлхийн ихэнх хотуудад өргөнөөр тэмдэглэдэг талархлын өдөр Улаанбаатар хотод ч мөн адил байх ёстой. Ингэхдээ хотынхоо ажилсаг, бүтээлч иргэдэд талархаж байхаар зорьж байгаа юм. Хотын хөгжил иргэнтэй шууд холбоотой болохоор хашаа хороондоо цэцэг, жимс ургуулсан айл өрхөд талархахын зэрэгцээ өөрийн гэсэн жижиг дунд бизнес эрхэлж амьдрал ахуйгаа товхийтэл авч яваа иргэддээ хотын удирдлагууд талархал илэрхийлээд эхэллээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригийн өнөөдөр зорьж очсон аж ахуйн нэгж бол БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах Эко-Эрдэнэ компани байлаа. Өрхийн авсаархан компанийг удирдаж яваа хүн нь хүнсний салбарт 47 жил ажил амьдралаа зориулсан Б.Билгээ. Хойно сургууль төгссөн анхны хүнсний технологичдын нэг тэрбээр Чихэр боовны үйлдвэрээс ажлын гараагаа эхэлснээ сонирхуулаад үйлдвэртэйгээ танилцуулаа. Жилдээ 13 тонн нэрс, 7 тонн аньс, 5 тонн чацаргана боловсруулж жимсний чанамал, цэвэр жүүс үйлдвэрлэдэг гэж байна.
93 оноос хойш өрхийн энэ үйлдвэрлэлээ ажиллуулж эхэлсэн болохоор байнгын бэлтгэн нийлүүлэгчидтэй болсон гэнэ. Бүтээгдэхүүнээ байгалийн цэвэр жимсээр хийдэг учраас Хөвсгөл, Завхан аймгийнхантай нөхөрлөжээ. Завханаас авсан чацарганаараа цэвэр жүүс хийж арлын Япон улсад хүртэл гаргасан гэж байна. Япончууд байгалийн цэвэр ориг чацарганад нугасгүй дуртай болохоороо Б. Билгээ гуайг нутагтаа урьж телевизийн ярилцлаганд оруулсан тухайгаа хуучиллаа. Чацаргана тэр чигээрээ аминдэм гэж тэрбээр магтаад авав. Энэ жил чадвал 10 тн чацарганы цэвэр жүүс Япон луу гаргах бодол бий гэв. Харин эх орондоо үйлдвэрлэдэг нэрсний болоод аньсны чанамалууддаа Улаанбаатар хот дахь томоохон худалдааны төвүүд, сүлжээ ресторануудад нийлүүлдэг гэлээ. Өрхийн жижиг энэ үйлдвэртэй танилцсныхаа дараа Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б. Баатарзориг хэлэхдээ: Европт брэнд үйлдвэрлэл яг ийм цомхон байдаг тухай өгүүллээ. Аль болох цөөн тоотой, хамгийн гол нь чанартай байх нь брэнд бүтээгдэхүүний онцлог юм билээ.
Яг түүнтэй адил таны байгуулсан энэ үйлдвэр нийслэлчүүдийн нэгээхэн хэсэгт цэвэр байгалийн жимс агуулсан бүтээгдэхүүн нийлүүлж байдаг юм байна. Манай нийслэлд амьдарч байгаа иргэн бүхэн тань шиг ажиллаж хөдөлмөрлөвөл амьдрал ахуй нь товхийгээд ирнэ дээ гэж урмын үг хайрлалаа. Хотын удирдлагууд хийсэн ажил, хэлэх үгтэй хүмүүстэй талархаж буйг уламжилсан юм.