Хотын дарга нар асуултад булуулав
Огноо: 2010-09-03 | Үүсгэсэн: 2010-09-03 04:06:55
Монголын хэвлэл мэдээллийн салбарт уншигч захиалагчынхаа тоогоор тэргүүн шугамд давхидаг “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхим өнөөдөр олны хөлд дарагдлаа. Тус сониныхон хотын удирдлагуудтай редакцийн уулзалт хийхээр товлосноо зарласан учраас бусад хэвлэл мэдээллийн байгуулага ч өргөнөөр хүрэлцэн иржээ. Редакцийн энэ уулзалт голчлон уншигчдын асуултууд дээр тулгуурлав. Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа болохоор асуудал ч мундахгүй их, асуулт дуусашгүй олон байлаа. Мэдээж хэрэг юун түрүүнд зам засварын ажил, гэрэлтүүлэг чимэглэл, утаа гэсэн Улаанбаатар хот дээр овоглодог асуултууд дийлэнхийг эзэлсний зэрэгцээ жижиг сажиг гэмээр боловч бас тэрүүхэндээ асуудал хөндсөн асуултыг “Өдрийн сонин”-ы уншигчид хотын удирдлагуудад тавьжээ. Бүтэн 2 цаг үргэлжилсэн энэ арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр 2 орлогчтойгоо, ерөнхий менежер Ч. Бат болон дүүргийн Засаг дарга нар оролцлоо. Тэд өөр өөрсдийн эрхлэх салбартай холбоотой мэдээлэлд хариулт өгсөн энэ ярилцлага”Өдрийн сонин”-ы амралтын өдрийн дугаарт гарах юм. Улаанбаатар хотын иргэд хоттой холбоотой сонирхосон асуултынхаа хариуг эндээс нэг дор авчихаж болохоор боллоо.