Чөлөөлөх дайны ялалтын баярын хурал боллоо
Огноо: 2010-09-03 | Үүсгэсэн: 2010-09-03 02:15:21
1945 чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ой баярын хурал өчигдөр СТӨ-нд боллоо. Чөлөөлөх дайны ялалтын ойг Монгол улс ёслон тэмдэглэх түүхэн болон улс төрийн учир шалтгаантай бөгөөд олон жил ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр баярын хурлыг удирдан явууллаа. Хурлыг нээж хэлсэн үгэндээ, Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь бие үл хайрлан тэмцэж, залуу халуун нас, эрч хүч, оюун мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан үе үеийн ахмадууд, баатарлаг эх орончдынхоо байгуулсан гавьяа, хойч үедээ үлдээсэн өв, уламжлал, үнэт зүйлсийг үнэлэн хүндэтгэж, тэднийхээ ач буяныг баярын энэ өдөр бахархан хүндэтгэж байна гэлээ.
Хүндэтгэлийн баярын арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүн, Сибирийн цэргийн тойргийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч хошууч генерал Сергей Юрьевич Истраков, Гадаад улсаас Монгол улсад суугаа Батлан хамгаалахын Атташе нар оролцсон юм.
Одоогоос 65 жилийн тэртээ Монгол, Зөвлөлтийн цэргүүд амь бие хайрлалгүй тэмцэсний эцэст 1945 оны 9-р сарын 2-ны өдөр Япон улс бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Чөлөөлөх дайн дуусгавар болж, энэ дайн дэлхийн энх тайвныг эрхэмлэгч ард түмний ялалтаар төгссөн юм. Дэлхийн 2-р дайнд оролцсоноор Монгол улсын тусгаар тогтнол баталгаажсан юм.
Мөн СТӨ-ний нэгдүгээр давхарт “Чөлөөлөх дайн 1945” үзэсгэлэн гаргасан байлаа.