Шувууны “Ньюкасл” өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
Огноо: 2010-08-31 | Үүсгэсэн: 2010-08-31 23:37:18
Шувууны “Ньюкасл” өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай
2010 оны 8 сарын 31 Улаанбаатар хот
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Онцгой комиссын дарга Г.Мөнхбаяр шувууны “Ньюкасл” өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргалаа.
Нийслэлийн Онцгой комиссын дарга өчигдөр шувууны халдварт өвчин гарсан бүсэд ажиллаж, байдалтай танилцсаны зэрэгцээ, тухайн өвчний талаархи мэдээллийг цахим хуудсаар мэдээлэл авч судалсны үндсэн дээр энэхүү албан даалгаварыг гаргасан байна. Юуны өмнө нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа шувууны аж ахуй болон шувуу тэжээдэг иргэдийн дэлгэрэнгүй судалгааг гаргаж, мал эмнэлэгийн үзлэг тандалт хийх, шаардлагатай тохиолдолд дээж авч онош баталгаажуулах, “Ньюкасл” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулах, шувууны байр болон орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, нядлах, бэлчээрлүүлэх, худалдах, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглох, худалдаанд байгаа шувууны гаралтай бүтээгдэхүүнд хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн байгууллагууд болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн шувууны аж ахуй эрхэлдэг болон хорио цээрийн голомтонд ажиллаж байгаа албан хаагчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавин, шаардлагатай үед эмнэлэгийн тусламж үзүүлж, иргэдэд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа, зөвлөмж өгөх, тухайн өвчний үүсэл шалтгаан, халдвар авсан эх үүсвэрийг тогтоохыг холбогдох албаныханд даалгасан байна.