2010.08.30 Даваа
Огноо: 2010-08-30 | Үүсгэсэн: 2010-08-30 21:42:52
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2010 ОНЫ 8 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г. МӨНХБАЯР БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ.
НЭГ. Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг сайтар хангах, шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгүүдийн урсгал зардлыг шийдвэрлүүлэх, боловсролын салбарын ирэх жилийн зардлын төслийн саналыг БСШУЯ-нд нэн даруй хүргүүлэх.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн боловсролын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн зохион байгуулж 2010-2011 оны хичээлийн жилийг “Боловсролын салбарын ажилтан, хамт олны мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ажил гүйцэтгэлийн соёлыг дээшлүүлэх жил” болгох зорилт дэвшүүлсний дээр дүүргүүд өмчийн бүх хэвшлийн сургууль, цэцэрлэгүүдийн удирдах ажилтны зөвлөлгөөн, багш нарын бага хурлууд хийжээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан сурах бичиг, хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцасны өргөтгөсөн худалдаа, үзэсгэлэн яармагийг Мишээл групп, Аса цирк, Худалдааны гудамж, Оргил худалдааны төв зэрэг томоохон газруудад дүүрэг бүр явуулж байна.
Дүүргүүд нутаг дэвсгэрийнхээ сургууль, цэцэрлэгүүдийн засварын байдал, бэлтгэл хангалтад нэгдсэн үзлэг явуулсан, хичээлийн жилийн нээлтэд оролцох удирдлага, ажилтнуудын хуваарь гарган баталсан ба ерөнхий боловсролын сургуулиуд анхны өдрийн хичээлүүдийг заах бэлтгэлийг бүрэн хангав.
Нийслэлийн Боловсролын газар дүүргүүдээс ирүүлсэн саналд үндэслэн нийслэлийн боловсролын салбарын 2011 оны төсвийн төслийн саналыг БСШУЯам болон холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна. /Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангасан талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Цогзолмаа мэдээлэл хийнэ/
ХОЁР. Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 12 хорооны өрхүүдэд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлан шахмал түлш хэрэглэх тухай ухуулга, суртчилгааг /нүүрсний чанар, нийлүүлэлт, төрөл, хэрэглээний хэмжээ зэргээр/ сайтар хийх, энэ ажлыг нийслэлийн Агаарын чанарын алба, Улаанбаатар-Бизнес хөгжлийн төв, дүүрэг, хорооны Засаг дарга нар анхааралдаа авч бодитой ажил зохион байгуулах, явцыг нийслэл, дүүргийн өвөлжилтийн комиссын хурлаар хэлэлцүүлэх.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Мянганы хөгжлийн сорилтын сангийн 47.2 сая ам долларын төслийг орон сууцжуулахаар төлөвлөөгүй гэр хорооллын хэсэгт хэрэгжүүлж, хотын бодлогод уялдуулан дэд бүтцийн чиглэлээр зарцуулах.
БИЕЛЭЛТ: Дээрх хороодын нутаг дэвсгэрт түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахтай холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийг ЗДТГ, хороод өрхүүдэд хүргэж байна. Төвийн зургаан дүүргийн орон сууцны хорооллын дунд байрлалтай үйлчилгээний цэг, барилгын манаач, сахиулын гэр байр зэрэг инженерийн шугамд холбогдоогүй газруудыг цахилгаан халаагуур, бүрэн шаталттай болон шахмал түлш хэрэглүүлэхээр шийдвэр гаргасан байна.
Нийслэлийн Агаарын чанарын алба хороодоос шинэчлэн авсан бүртгэл, судалгаанд үндэслэн түлшний хэрэглээний хэмжээ, төрлийг тооцон түлш нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй өмнө байгуулсан гэрээнд нэмэлт оруулан улмаар хороод, түлш нийлүүлэгчдийн ажлыг уялдуулаад байгаа бол Улаанбаатар-Бизнес хөгжлийн төвийн зарим удирдлага Булган аймгийн Хялганат дах түлшний үйлдвэр дээр өнгөрсөн долоо хоногт ажиллан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигдрүүлжээ.
Мянганы хөгжлийн сорилтын сангийн төслийн хөрөнгийг хэрхэн зарцуулах тухай ярилцсан буюу ямар нэгэн шийдэлд хүрсэн талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна.
Нийслэлийн хэмжээний өвөлжилтийн бэлтгэл хангалтыг Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн ба энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат мэдээлэл хийнэ.
ГУРАВ. Батлагдсан хөрөнгө оруулалтаас /тендерийн шалгаруулалтаас/ хэмнэгдсэн 150.0 сая төгрөгийг тэр объектынхоо өөр засвар, үйлчилгээнд шилжүүлэн хэрэглэх эрхийг тухайн дүүргийн тендерийн үнэлгээний хороо, Засаг дарга, нийслэлийн Боловсролын газарт өгснөөр ажил гүйцэтгүүлэх.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн Боловсролын газар энэхүү хэмнэлтийг сургууль, цэцэрлэгүүдийн шаардлагатай засвар үйлчилгээнд зарцуулах тооцоо гарган үнэлгээний хороогоор хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр бэлтгээд байна.
ДӨРӨВ. Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын гүйцэтгэл нийслэлийн хэмжээнд 72.0 хувьтай байна. Иймд ажил нэг бүрийн гүйцэтгэлийг нийслэлийн Засаг даргын орлогч нар өнөөдөр багтаан салбар салбараар авч ярих. Ялангуяа удаашралтай байгаа ажлын шалтгаан, нөхцлийг тогтоож эрчимжүүлэх.
100 айлын орчимд он дамжин хийгдэж байгаа тохижилт, явган хүний зам тавих ажлын гэрээг нэр бүхий дөрвөн компанитай цуцалж дараагийн гүйцэтгэгчийг хурдан сонгох, энэ тухай саналаа Сангийн яаманд явуулах.
Энэ оны 10 дугаар сарын 01-нд багтаан хөрөнгө оруулалтын ажлыг үндсэнд нь дуусган ямар байгууллага, ямар ажлыг хэрхэн гүйцэтгэсэн мэдээллийг олон нийтэд хүргэх, хөрөнгө оруулалтын ажлын явцын 14 хоногийн мэдээг хугацаанд нь ирүүлж байх.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн Засаг даргаас дүүргүүдийн Засаг дарга нарт эрх шилжин гүйцэтгэгдэж байгаа ажлууд үндсэндээ хийгдсэн, харин төсвийн тодотголоор хөрөнгө нь батлагдсан ажил нэг бүрээр үнэлгээний хороо байгуулан тендерийг нийтэд зарласнаа дүүргүүд шуурхайн биелэлтээр ирүүлжээ.
100 айлын орчимд явган хүний замын ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн Мон-Агаар, Заабар, Цаст, Уорлд эруно ХХК-ууд цаг хугацаанд нь гүйцэтгээгүй учир гэрээний нөхцлийг өөрчлөн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудтай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан уг ажлыг гүйцэтгүүлж байна.
ТАВ. Чингэлтэй дүүрэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг стандарт, жишигийн дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаатай шуурхайд оролцогч удирдлагууд газар дээр нь очиж үзэх. Үзүүлэх сургууль зохион байгуулах.
Баянзүрх, Чингэлтэй дүүргийн тохижилт хийсэн байдал, “Ногоон суваг” Төрийн бус байгууллага нийтийн эрх ашгийн төлөө ямар их санаачилга гарган ажилладагаас санаа авах, суралцах.
БИЕЛЭЛТ: Сүхбаатар дүүргийн ЗДТГ зохион байгуулж дүүргийнхээ нутаг дэвсгэрийн Цагдаагийн гудамжинд явган хүний замын ажил гүйцэтгэгч ажилчдыг Чингэлтэй дүүргийн нутаг Баянбүрдийн орчимд тавьсан явган хүний замын ажилтай танилцуулсан байна.
Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу 9 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн ЗДТГ дээр хотын хэмжээний үзүүлэх сургууль зохион байгуулагдана. Чингэлтэй дүүрэг бүтээн байгуулалтын ажил, шинэлэг зүйлүүдээ бусаддаа үзүүлэх зохион байгуулалтыг сайн хийх хэрэгтэй.
ЗУРГАА. Замуудын зорчих хэсгийг 9 дүгээр сарын нэгнээр дуусгах, хотын гэрэлтүүлэг, нийтийн бие засах газруудын тендерийг зарлан нийслэлийн өдрийн өмнө ажлыг гүйцэтгэсэн байх.
БИЕЛЭЛТ: Саппорогийн уупзвараас Гурвалжингийн гүүр хүртлэх авто зам, гүүрийг өнөөдөр ашиглалтад хүлээн авах ба засвар хийгдэж байгаа нийт замуудын зорчих хэсгүүдийг 9 дүгээр сарын нэгнээс өмнө дуусгахаар ажиллаж байна. Энэ онд замын чиглэлээр хийгдэж байгаа ажлын явцыг нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од мэдээлнэ.
Багануур, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд хийгдэх гэрэлтүүлэг, гэр хорооллыг цахилгаанжуулах ажлын тендерүүдийг зарлан гүйцэтгэгчийг сонгосон байна. Харин Самбуугийн гудамж, нийслэлийн гол гол гудамжны гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн ажлын нээлттэй тендерийн материалыг хүлээн аваад байгаа бол Чингэлтэй дүүргийн гэр хороолол, Сонгинохайрхан дүүргийн гэрэлтүүлэгийн ажлын тендерийн материалыг 9 дүгээр сарын нэгэнд хүлээн авна.
Нийтийн бие засах газрын ашиглалтыг Улаанбаатар санд шилжүүлээд тодорхой хугацаа өнгөрсөн ч энэ байгууллага хийсэн ажлын талаарх мэдээллээ нийслэлийн ЗДТГ-т ирүүлээгүй. Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн мэдээллээр нийслэлийн Засаг даргын 2010 оны 567 дугаар захирамжаар төвийн шугамд холбох боломжтой 22 байршилд нийтийн бие засах газар барихаар шийдвэрлэсэн байна.
ДОЛОО. Туул голыг хамгаалахтай холбогдуулж гарсан нийслэлийн Засаг даргын 2010 оны 552 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж энэ ажилд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг дарга зангидаж ажиллах. БИЕЛЭЛТ: “Хатан Туул ба Цаг хугацаа” аяны эхний үе шатыг дүгнэж цаашид Туул голыг хамгаалах хуулийн төслийг боловсруулах, хотын жилийн төсвийн 10 хүртэл хувийг энэ голыг хамгаалах арга хэмжээнд зориулах зэрэг бодлогын асуудлуудаар нийслэлийн удирдлага Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Туул голыг хамгаалах талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр сурталчилгаа сайн хийснээр уг аяныг олон нийт дэмжиж байна. Тухайлбал: Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ны 200 гаруй ажиллагсад Сонсголонгийн гүүрээс дээш 3.0 км-т гол дотор болон голын эрэг дагуу цэвэрлэгээ хийж 6.0 тонн хог ачсан. Нийслэлийн Байгаль хамгаалах газар Японы ус судлаач эрдэмтэн Масару Эмотогийн “Хариулт нь усанд буй” лекц, Туул голд залбирал үйлдэх ёслолыг “Нэг дэлхий - Эв нэгдэл” ТББ-тай хамтран зохион байгуулсан байна.
Туул голын дагуу таван постод нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сурталчилгааны материал, зөвлөмж тарааж өгсөн, тэнд ажиллаж байгаа улсын байцаагч, хяналтын ажилтнууд 14 хоногийн хугацаанд 30 гаруй зөрчил илрүүлэн 350.0 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүд гол дагуу их цэвэрлэгээ хийсэн ба Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллацгааж байна.
НАЙМ. Өнөөдрийн шуурхайн биелэлтэд нэр заан шүүмжилсэн ажлуудыг гүйцээн хийх, мэдээ мэдээллийн үнэн зөв байдал, хугацаанд анхаарах. БИЕЛЭЛТ: Нийтийн аж ахуйг сайжруулах төслөөр Баянхошууны хойд хэсгийн гэр хорооллын усан хангамжийн холболтод орсон сургууль, цэцэрлэгүүдэд системийн туршилт тохируулга хийгдээгүй, замын хөдөлгөөнийг зохицуулах төслөөр суурилуулсан тоног, төхөөрөмжүүдийг ашиглалтад хүлээн аваагүй байна. Харин Хөрөнгө оруулалтын газар халуун усны барилгуудын зураг, төсвийг дуусган тендерийг зарлажээ.
Анхаарал тавьсанд баярлалаа.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЯНАЛТ–ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС.