Нүүр хуудас » Хэвлэлийн тойм » Сонин » Өнөөдөр: Халтуур зам тавьдаг компаниудтай хариуцлага тооцож эхэллээ
Өнөөдөр: Халтуур зам тавьдаг компаниудтай хариуцлага тооцож эхэллээОгноо: 2010-08-16 | Үүсгэсэн: 2010-08-16 22:58:10Хотын захирагч ажлаа хийж чаддаггүй хариуцлагагүй нөхдүүдэд хатуухан арга хэмжээ авна шүү гэдгээ нэлээд эртнээс сануулж байсан. Тэгвэл ноён мэр хэлсэндээ хүрч, ажлаа чанаргүй хийсэн замын компаниудыг ширүүхэн донгодохоор шийджээ. 100 айлын зам өнгөрсөн жилийн турш засвартай байсныг та бид мэднэ. Хотын төвийн нэг гол замыг хааснаар хаа сайгүй машины түгжрэл үүсэж, иргэдийг ихээхэн бухимдуулж байсан билээ. Баянбүрдийн уулзвараас Цагдаагийн гудамж хүртэлх 1.54 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын тендерийг Сангийн яамнаас 2009 онд зарлаж, “Заабар”, “Цаст импекс”, “УорлдЕруна”, “Мон агаар” гэсэн дөрвөн компани гүйцэтгэгчээр шалгарсан юм. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар эл замыг барихад нийт 4.024.800.000 төгрөг зарцуулахаар төсөвлөгдсөн аж. Хэдийгээр эдгээр компани ажлынхаа ихэнхийг нугалж, замыг ашиглалтад хүлээлгэж өгөх хугацаа дөхөөд байсан ч Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр өчигдөр тэдэнтэй байгуулсан гэрээг цуцлах шийдвэр гаргасан байна. Учир нь дээрх компаниуд 2009 онд ажлаа эхэлсэн ч янз бүрийн шалтаг, шалтгаан тоочиж, он дамнуулсан хэрнээ өдий хүртэл гэрэлтүүлэг, явган хүний зам тавиагүй бөгөөд ажил нь хэт удаан байгаа аж. Хотод барьж байгаа бүх замыг ус зайлуулах шугам, гэрэл, замтай байхаар сүүлийн үед зураг төсөл нь хийгдэж, мөнгө төгрөг нь ч бас шийдэгддэг болсон юм байна. Нийслэлийн авто замын газрын дарга Д.Одоос энэ талаар тодруулахад “Замын ажилд бүхэлд нь муу дүн тавьж, гэрээ цуцаллаа гэж ойлгож болохгүй. Зөвхөн явган хүний зам тавиагүйгээс болж гэрээ цуцлах тухай асуудал яригдаж байна. Хотын Засаг дарга гэрээг цуцал гэдэг үүрэг өгсөн. Маргааш /өнөөдөр/ 12.00 цагаас бид замын ажлыг гүйцэтгэсэн компанийн удирдлагуудтай уулзана. Бид асуудлыг ярилцаж, комисс гаргаж газар дээр нь очиж шалгуулна. Тэгж байж эцсийн шийдвэрийг гаргана. Уг нь энэ замыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад хүлээлгэж өгөх юм. Урд талынх нь дулааны шугам шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор ашиглалтад өгөх хугацаа хойшлогдсон нь үнэн” гэсэн хариулт өглөө. Хэрвээ гэрээ цуцалсан тохиолдолд дээрх компаниуд хийсэн ажлынхаа хөлсийг гүйцэд авч чадахгүйд хүрч ихээхэн хэмжээний алдагдал хүлээх ажээ. |
Сүүлд нэмсэн мэдээ2012/02/03 Иргэд ямар саналтайг төлөвлөгөөндөө тусгахаар болов 2012/01/30 Анхны гоол, ялалт, ялагдлын амт |




