2010.08.16 Даваа
Огноо: 2010-08-16 | Үүсгэсэн: 2010-08-16 04:15:01
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2010 ОНЫ 8 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
2010-8-16
НЭГ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын төсөлд дүүргийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрууд энэ сарын 15-ны дотор саналаа ирүүлэх. НЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтэс нэгтгэн боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт Засаг даргын зөвлөлийн хуралд оруулах.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын төсөлд энд нэр дурьдсан дүүрэг, агентлаг, харъяа газраас бусад нь заасан хугацаанд саналаа ирүүлээгүй байна. Ирүүлсэн байгууллагууд: Хан-Уул, Налайх дүүргийн ЗДТГ, агентлагуудаас Архивын газар, Соёл, урлагийн газар, Цагдаагийн газар, БХБТ-ийн газар, Газрын алба, Нийтийн тээврийн газар, Хөдөө аж ахуйн газар, Өмчийн харилцааны газар, харъяа газруудаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, УСУГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хот тохижилтын газар, Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨҮГ
ХОЁР. Байгууллага бүр хаврын тохижилтоор хийсэн зүйлсээ арчлан хамгаалахын дээр намрын тохижилтын ажлыг эхлүүлэх.
Дүүргүүд нутаг дэвсгэрийнхээ усан оргилууруудыг байнгын ажиллагаатай байлгаж хотын агаарыг чийгшүүлэх. Усан оргилуур ажиллуулахтай холбоотой цахилгааны болон усны зардлын асуудал байвал түүнийг шийдэх.
Нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлэгт шинэчлэл хийж 21 дүгээр зуунд тохирох тийм технологийг сонгон нэвтрүүлж, нийслэлийн өдрийн өмнө зарим гэрэлтүүлэгийн ажлыг хүлээн авсан байх.
Намрын тохижилтод зориулж нийслэлийн төсвийн тодотголоор нэг дүүрэгт 200.0-400.0 сая төгрөг баталж өгсөн. Санхүүжилтэд тохирсон ажлыг иргэд та биднээс хүлээж байна.
БИЕЛЭЛТ: Намрын тохижилтоор Баянзүрх дүүрэг ЭТӨЧ-ний тохижилтын ажлаа үргэлжлүүлэхийн дээр Д.Сүхбаатарын төрсөн газрын буурь, Эскадрилийн хөшөөний эргэн тойронд иж бүрэн тохижилт хийх, Жуковын хөшөөний ар, Сансар үйлчилгээний төвд усан оргилуур бүхий амралт чөлөөт цагийн талбай байгуулахаар төлөвлөжээ.
Сонгинохайрхан дүүрэг тохижилтын ажлын төлөвлөгөөндөө нэмэлт оруулан ЗДТГ-ын орчноо усан оргилууртайгаар иж бүрэн тохижуулах, Толгойтын зүүн салааны авто замын хоёр тал, орон сууцны хороолол доторхи гэрэлтүүлэгийг орчин үеийн диодон гэрлээр хийхээр зураг, төсөл боловсруулан тендер зарлахаар бэлтгэж байна.
Чингэлтэй дүүрэг Ж.Самбуугийн гудамжны дунд талын цэцэрлэг, дүүргийн өндөрлөгийн орчныг бүрэн тохижуулж, Ж.Самбуугийн гудамжинд орчин үеийн шийдэл бүхий загвартай гэрэлтүүлэг тавихаар зураг, төсвийг хийлгэж байгаа ба тавдугаар сургуулийн хоёр талын явган замыг шинэчилнэ. Нийслэлийн Засаг дарга өчигдөр тус дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцсан.
Сүхбаатар дүүрэг ЭТӨЧ-ний хайс, хашлагыг шинэчлэн солих, 5510 м/кв талбайн хөрсийг хуулж зүлэгжүүлэх, 5800 м/кв талбайд явган хүний алаг хавтан зам тавилтыг үргэлжлүүлж ЭТӨЧ-ний тохижилтоор үлгэр жишээ болох зорилттой ажиллаж байна. Орчин үеийн шийдэлтэй 139 ширхэг гэрэлтүүлэгийг тавих нээлттэй тендерийн бэлтгэлийг хангасан.
Нийслэлийн хэмжээнд 25 сургууль, цэцэрлэгийн хашаан дотор усан оргилуур байгаагаас энэ онд Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн байгуулсан усан оргилуур хийц, загвараар бусдаасаа илүү болсон байна.
Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсээс нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбайд болон байгууллага, аж ахуйн нэгжийн хашаанд байгуулсан усан оргилуурын талаарх мэдээллийг ирүүлээгүй. /Усан оргилуурын бичлэг/
Хотын хөрөнгө оруулалтаар Багануур, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн гэр хороолол, орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбайд хийгдэх гэрэлтүүлэгийн ажлын тендерийг Захирагчийн ажлын алба зарласан байна.
Намрын тохижилтод зориулж нийслэлийн төсвийн тодотголоор дүүрэг бүрт 50.0-400.0 сая төгрөг баталж өгснийг олонх дүүрэг гэрэлтүүлэгт зарцуулахаар тохижилтын ажлын төлөвлөгөөндөө тусгасан ба дээрх санхүүжилтээр гүйцэтгэх ажлын үнэлгээний хороо байгуулсан, зураг, төсөв зохиогдож байгаагаа мэдээлжээ. Хан-Уул дүүрэг 150.0 сая, Баянгол дүүрэг 200.0 сая төгрөгөөр ямар ажил хийх нь тодорхойгүй байсан.
ГУРАВ. Энэ оны төсвийн тодотголоор батлагдан эрх шилжсэн ч тендер зарлагдаагүй болон санхүүжилт нь шийдэгдсэн боловч мэргэжлийн комиссын хурлаар ороогүй хүлээгдэж байгаа ажлуудыг дүүргийн Засаг дарга, агентлаг, харъяа газрын дарга нар шуурхай эхлүүлэх.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Зураг төслийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын газар эрх шилжсэн ажлуудын хяналтыг хэрэгжүүлэхэд ажлаа уялдуулах, эскиз, ажлын гүйцэтгэлийн чанарт анхаарах, зураг төсвийг экспертизээр баталгаажуулахад цаг алддаг дутагдлыг холбогдох газрууд даруй арилгах.
БИЕЛЭЛТ: Нийслэлд 2010 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалтад газрын харилцаатай холбоотой 76 асуудал тусгагдсан дагуу нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар хамтран газрын байршил, хэмжээг тогтоон Хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн комиссын хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулснаар газрын шийдвэрлэлтээс шалтгаалж ажил саатсан тохиолдол гараагүй байна.
Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар 46 объектын байршил, хэмжээ, хил заагийг тодорхойлж инженерийн шугам сүлжээний хангамжийн техникийн нөхцлийг тогтоох, галын болон эрүүл ахуйн дүгнэлт гаргах асуудлыг шийдвэрлэсний дээр 62 байршилд нийслэлийн Засаг даргын 2010 оны 565 дугаар захирамжаар олгогдсон газрын мэдэгдэл, зураг, схемийг тухайн байгууллагуудад нь хүргүүлжээ.
Нийслэлийн Авто замын газар өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж дараа төлөгдөх нөхцлөөр хэрэгжих авто замын 8 ажлыг эхлүүлсэн ба улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 4 ажлын гүйцэтгэл 40.0-80.0 хувь, он дамжин баригдаж буй замын ажлын гүйцэтгэл 70.0-95.0 хувьтай, түүнчлэн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх авто замын ашиглалттай холбоотой болон тэмдэг тэмдэглэгээ, борооны ус зайлуулах шугамын ажлууд найман хэсэгт явагдаж байна. Тус газар өмнөх шуурхайгаас үүрэг өгөгдсөнөөс хойшхи хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ЭТӨЧ-нөөс Жанжны клуб, Кино үйлдвэрээс хойш шинээр тавигдсан авто замуудыг ашиглалтад хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар дүүргүүдэд эрх шилжсэн нийт 7.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 85 ажилд захиалагчийн хяналт тавьж байгаагаас 5.2 тэрбум төгрөгийн 75 ажилд гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын явцын мэдээллийг газрын дарга Ц.Ганхүү хийнэ.
ДӨРӨВ. 2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийг энэ оны 8 дугаар сарын 10-ны дотор Сангийн яаманд хүргүүлнэ. 4 дүгээр сард бүх газраас санал авч боловсруулснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн байна. Иймд зарим нэг өөрчлөлт байвал НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст санал өгөх.
БИЕЛЭЛТ: Баянзүрх, Чингэлтэй, Налайх дүүрэг болон зарим харъяа газраас НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст санал ирүүлсэн байна.
ТАВ. Нийтийн бие засах газар, авто зогсоол барих ажлыг холбогдох газрууд гүйцэтгэх.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн зургаан дүүрэгт нийтийн бие засах газар 34, газар доорх болон ил авто зогсоол 9-ийг барихаар төлөвлөснөөс газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулан улмаар нийслэлийн Засаг даргын 2010 оны 403, 450 дугаар захирамжаар нийтийн бие засах газрыг 33 байршилд 0,1749 га газарт, авто зогсоолыг 5 байршилд 0,75 га газарт барих газрын зөвшөөрлийг Улаанбаатар санд олгосон байна.
Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн дээрх байгууламжуудын зураг, төслийг боловсруулж байгаагаас үзэхэд энэ ажлын явц удаашралтай.
ЗУРГАА. Сар бүрийн сүүлчийн долоо хоногийн “Бямба” гарагийг нийтийн их цэвэрлэгээний өдөр болгон хэвшүүлэхээр өмнө өгсөн үүрэг хэрэгжихгүй байгаад Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нар дүгнэлт хийж ажиллах.
Нийтийн эзэмшлийн зам, талбай, орчныхоо хогийн ургамалыг түүж устгах.
БИЕЛЭЛТ: Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн ногоон байгууламжинд ургасан шарилж, луулийг цэвэрлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2010 оны А/137 тоот тушаалаар байгуулсан байна. Цэвэрлэгээгээр нийт 637015 м2 талбайд 4306 хүн ажиллуулж, 125 машин буюу 630 тонн шарилж, луулийг түүж ачуулжээ./Хүснэгтээр үзүүлнэ/
Чингэлтэй дүүрэг ургамлын тоосны харшилтай тэмцэх хоёр сарын аян өрнүүлсэн, Хан-Уул дүүрэг мал бүхий зарим иргэдээр түүлгэж даршилсан тэжээлд ашиглуулж байгаа, Багануур дүүрэг ХХҮХ-т бүртгэлтэй ажилгүй иргэдийг олноор татан оролцуулсан, Сонгинохайрхан дүүрэг байгаль хамгаалах чиглэлээр байгуулагдсан Төрийн бус байгууллагаас мэргэжлийн хүн гэрээгээр ажиллуулан зөвлөлгөө авснаар салхины урсгалаар зэрлэг ургамлын үр хийсэхээс урьдчилан сэргийлж 22-ын товчооноос нааш бүгдийг цэвэрлэх зэрэг санаачилга гарган ажиллаж байна.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн шарилж, луулийг түүж цэвэрлэсэн боловч аж ахуйн нэгж, байгууллагуудын орчин, барилга барихаар хашаагаар хамгаалагдсан газрын эргэн тойрон, орон сууцны байрууд, СӨХ-ны эзэмшил газар, ер нь эзэнтэй газруудад их хэмжээний хогийн ургамал байсаар байна. /Бичлэгээр үзүүлж тайлбарлах/
ДОЛОО. Туул голыг хамгаалах санаачилга гарган бодитой зүйлүүд хийж байгаа “Ногоон суваг- Байгаль” төрийн бус байгууллагатай ажил хариуцсан мэргэжлийн байгууллагууд, дүүргүүд хамтран санал, санаачилгыг нь дэмжиж ажиллах.
Туул голыг хамгаалахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай” захирамжийг яаралтай гаргаж уг захирамжид Туул гол руу аль хэсгээр авто машинаар болон явганаар орж болох, аль хэсгээр зорчихгүй байх, морин эргүүл гаргах зэргийг холбогдох байгууллагуудын саналаар оруулах, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч дээр энэ ажлыг төвлөрүүлэн зохион байгуулах.
Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨУҮГ-ын тоног төхөөрөмжийн шинэчлэлээр шийдсэн асуудлаа нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд нэг мөр болгох.
БИЕЛЭЛТ: Туул голыг хамгаалах талаар “Ногоон суваг-Байгаль” ТББ-ын “Хатан туул ба Цаг хугацаа” 2 сарын аянд нийслэлийн төр, захиргааны байгууллагууд, зарим дүүргүүд хамтран оролцох, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 552 дугаар захирамжаар байгуулсан. Уг ажлын хэсэг төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж байна.
Аяны хугацаанд Гачууртын Хар усан тохойгоос Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Сонсголонгийн гүүрнээс Сонгины булан хүртэл 5 газарт пост байгуулан сайн дурын эргүүл 25 хүн, нийслэлийн Байгаль хамгаалах газар, Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газраас улсын байцаагч 4, нийслэлийн Онцгой байдлын газраас завьтай эргүүл 2, нийслэлийн Цагдаагийн газраас морин эргүүл 2, “Ногоон суваг-Байгаль” ТББ-аас зураглаач, сэтгүүлч тус бүр нэг хүн өдөр тутам постуудад ажиллаж байна. Захирагчийн ажлын албанаас Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн.
/Бичлэгээр үзүүлж тайлбарлах/
Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨҮГ-ын тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр ирэх оны төсвийн зээлд тусгуулах асуудлаар Сангийн яамтай үндсэнд нь тохироод байна. Дээрх хэмжээний ажлыг гүйцэтгэх тендерийг ойрын үед зарлана.
НАЙМ. Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг дүүргүүд эрчимжүүлэх, бүртгэлтэй холбоотой шийдвэрлэх асуудлын талаар саналаа Улсын Иргэний Бүртгэлийн Ерөнхий газарт явуулах, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч байхыг нийслэлийн Бүртгэлийн газар хариуцах.
БИЕЛЭЛТ: Дүүргүүдээс авсан мэдээллээр иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдалт өнөөдрийн байдлаар 26.0-40.0 хувьтай байна. Дүүргүүдийн ЗДТГазар шинэчилсэн бүртгэл явуулахад гарч байгаа зарим хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар нийслэлийн Бүртгэлийн газарт албан бичгээр санал хүргүүлсэн байхад тухайн газраас ямар арга хэмжээ авсан тухайгаа хариу өгөөгүй байна. /Принтерийн хор тасалддаг, зарим хороодод тоног төхөөрөмж дутуу гм/
ЕС. Төрийн албаны шалгалтад тэнцэн нэгээр эрэмбэлэгдсэн хүмүүсийг тухайн албан тушаалд нь томилуулах ажлыг бүх газруудад ойрын үед хийлгэхийг Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөл хэрэгжүүлэх.
БИЕЛЭЛТ: “Аймаг, нийслэл дэх нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт зохион байгуулах” удирдамжийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн нэр бүхий 52 сул ажлын байрны захиалгыг нийтэд зарлан шалгалт авсан.
Сул ажлын байранд 524 иргэн бүртгүүлснээс 503 нь шалгалтанд орж тэднээс 336 иргэн 55 ба түүнээс дээш оноо авч тэнцэн ТАЗ-ийн 2010 оны 95 дугаар тогтоолоор нөөцийн жагсаалтад бүртгэгдсэнээс шалгалтад хамгийн өндөр оноо авсан 11 байгууллагын 47 иргэнийг томилуулахаар тухайн байгууллагуудад материалыг явуулсан боловч өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн ЗДТГ, нийслэлийн Боловсролын газар, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас бусад нь томилгоо хийсэн тухай хариу мэдээллийг нийслэлийн ЗДТГ, Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлээгүй ба Багануур, Налайх дүүргийн ЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар 6 иргэний материалаа аваагүй байна.
АРАВ. Улсын төсвөөр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэлд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж байх хэрэгтэй. Тухайлбал: 100 айл орчмын дулааны шугам сүлжээний ажлаас шалтгаалж хотын зам, тохижилтын ажил саатаж байсан. Ерөнхий менежер Ч.Бат Улаанбаатар Дулааны шугам сүлжээ компанийхантай уулзаж засварын ажлын талаар ярилцах, газар дээр нь үзэх.
БИЕЛЭЛТ: Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат Улаанбаатар дулааны шугам сүлжээ ХК, Эрчим хүчний газрын Захиалагчийн алба, нийслэлийн Авто замын газар болон гүйцэтгэгч байгууллагын холбогдох хүмүүсийг байлцуулан дээрх үүргийг хэрэгжүүлж байгаа байдал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцсан байна.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Жуковын музейн арын талбайд хийгдэж байгаа тохижилтийн ажил дулааны шугам сүлжээний засвараас шалтгаалан тухайн үед түр зогссон.
АРВАН НЭГ. Гурвалжингийн гүүрийн засварыг 2010 оны 8 дугаар сарын 25-наар дуусгах, өвөлжилтийн бэлтгэл ажлын дүнг 2010 оны 9 дүгээр сарын 01-ний дотор нэгтгэн танилцуулахыг Захирагчийн ажлын алба, Авто замын газар хариуцах.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн өвөлжилтийн комисс, Захирагчийн ажлын алба өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөний биелэлтийг хоёр долоо хоног тутам дүгнэн ажилласан. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар өвлийн бэлтгэл хангалт 65.0 орчим хувьтай, төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдэж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Л.Алтангэрэл мэдээлэл хийнэ.
АРВАН ХОЁР. Нийслэлийн Засаг даргын орлогч нар энэ долоо хоногт яамдаар ажиллан УИХ-ын гишүүдийн хийлгэх хөрөнгө оруулалтын ажил, Боловсролын байгууллагын урсгал зардлын талаар ярилцаж шийдэлд хүрэх. Нийслэлийн өмчийн талаарх саналыг салбар салбараар боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар бэлтгэхийн дээр байгууллагууд энэ онд НИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамж, албан даалгаврын заалтаас өөрийн байгууллагад хамааралтай заалтын биелэлтийг нэг бүрчлэн авч үзэх.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн Засаг даргын орлогч нар зарим яамдад ажилласан ба дүүргүүд өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хөрөнгө оруулалтын ажлынхаа талаар ярилцсан байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Сангийн яаманд ажиллахдаа оюутнуудын нийтийн тээврээр зорчих тасалбарын санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас, харин өндөр настан болон эмзэг бүлгийнхнийг Нийгмийн хамгааллын сайдын багцад шилжүүлж өгөх хүсэлт тавиад байна. Энэ асуудал шийдэгдвэл хот энэ хөрөнгөө хог, гэрэлтүүлэг, зам зэрэгт оруулж хотоо хот шиг болгох зорилттойгоо тэрбээр илэрхийллээ.
Дүүргүүдийн ЗДТГазар, нийслэлийн Засаг даргын агентлаг, харьяа газрууд энэ онд нийслэлийн ИТХурлын Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамж, албан даалгавраас өөрийн байгууллагад хамааралтай заалтын биелэлтийг нэг бүрчлэн авч үзсэн тухайгаа шуурхайн биелэлтэд ирүүлсэн. Захирагчийн ажлын алба “Сайхан хот, сайхан амьдрал” сэдэвт уралдааны болзлыг Улаанбаатар таймс сонинд дахин нийтлүүлж нийтэд сурталчилж байна.
АРВАН ГУРАВ. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд үртсэн шахмал түлшний үйлдвэрийг хэвийн ажиллуулах, Улаанбаатар- Бизнес хөгжлийн төв, нэр бүхий гурван дүүргийн Засаг даргын орлогч нар түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байх талаар дорвитой арга хэмжээ авах, амьдралын боломж тааруу өрхүүдэд түлшний зардал шийдүүлэх саналыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд явуулах.
БИЕЛЭЛТ: Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 12 хорооны 25.8 мянган өрхөд энэ оноос шахмал түлш хэрэглүүлэх талаар зохион байгуулсан ажлын талаар өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр дэлгэрэнгүй мэдээлсэн.
Үүрэг дахин өгөгдсөнөөс хойшхи 14 хоногт хороод өрхүүдийн судалгааг шинэчлэх явцдаа суртчилгаа хийж байгаа тухай нэр бүхий дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Агаарын чанарын алба мэдээлэл ирүүлж байгаа боловч нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс зарим дүүрэг, хороодод уг үүргийн биелэлтийг танилцаж, иргэдтэй уулзахад бодит үр дүн харагдаагүй байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд дээрх хороодын түлшний хөнгөлөлт авах өрхүүдэд бэлэн мөнгө олгохгүйгээр дүүргүүдэд шилжүүлэх, дүүргүүд тэрхүү мөнгөөр гэрээт компануудаас түлш худалдан авч олгох саналаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигийн нэр дээр 2010 оны 6 дугаар сард албан бичгээр хүргүүлсний хариуг одоогоор аваагүй байна.
Энэ үүргийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар- Бизнес хөгжлийн төв хэрхэн оролцсон талаар мэдээлэл ирүүлээгүй.
АРВАН ДӨРӨВ. Баянзүрх дүүрэгт Энх тайвны өргөн чөлөөнд Жин хэмжүүр компани зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил хийж зүлэг, мод олноор сүйтгэсэнд акт тавьж нөхөн сэргээлгэх, хотын бүсээс тууврын олон малыг гаргах ажлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар , дүүргүүдтэй хамтран хийх.
БИЕЛЭЛТ: Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас “Жин хэмжүүр” ХХК-д албан мэдэгдэл өгч нийтийн эзэмшлийн гудамж, талбайн явган хүний зам, ногоон байгууламжийг нөхөн сэргээлгэсний дээр гарах эрсдлийг тооцон дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын санд 2.4 сая төгрөгийг барьцаалан төвлөрүүлсэн бол нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч тухайн байгууллагад мөнгөн торгууль ногдуулан барагдуулаад байна.
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд энэ оны 8 дугаар сарын 02-ны байдлаар нийт 27 цэгт бод, бог 4900 гаруй байснаас арвандөрөв хоногийн хугацаанд 1200 орчмыг гаргаад байна. Дүүргүүдийн ЗДТГ-ын үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлэг үржлийн алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль хамгаалах газар, Хөдөө аж ахуйн газрууд хамтран зохион байгуулсан ажил, энэ арга хэмжээнд гаргасан зардал нилээдгүй ч үр дүн хангалттай биш байна.
Цаашид мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал орж ирэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дээрхи байгууллагууд хэрэгжүүлэх шаардлагатай.
Нэмж мэдээлэх: Өнөөдрийн болон өнгөрсөн ээлжит шуурхай зөвлөлгөөнийг зарласан. Цаашид графикаар хийгдэж байгааг зарлахгүй. Өмнөх шуурхайн биелэлт ирүүлээгүй болон хугацаа хоцроосон байгууллагууд: Хан-Уул дүүргийн ЗДТГ, нийслэлийн Бүртгэлийн газар, Өмчийн харилцааны газар, Нийтийн тээврийн газар, Зураг төслийн хүрээлэн, Улаанбаатар сан, Халаалтын зуухны ашиглалтын газар, ОСНААУГ, Усны барилга байгууламж компани, Хот тохижилтын газар.
Анхаарал тавьсанд баярлалаа.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС.