2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Хэвлэлийн тойм » Сонин » Зууны мэдээ: Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг: Улаанбаатар хотод хийх ажил их,санхүүжилт хязгаарлагдмал байна

Зууны мэдээ: Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг: Улаанбаатар хотод хийх ажил их,санхүүжилт хязгаарлагдмал байна

Огноо: 2010-08-12 | Үүсгэсэн: 2010-08-12 04:26:38

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг: Улаанбаатар хотод хийх ажил их,санхүүжилт хязгаарлагдмал байна


Д.Мягмар


Хотынхны амралтын улирал билээ. Хотын даргын орлогч өрөөндөө үдийн цайнаараа гурилтай шөл идээд, “хаана зам түгжирсэн гэнэ, одоохон бичээд аваадхая, Од даргаа гурвалжингийн гүүрний орчим хоёр км газар  түгжрэл үүссэн гэнэ. Засварын ажлаа зохицуулаад буцаж мэдэгд” гэх мэтээр ажил ярьж сууна. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригтой хотынхны ажил, амьдралын талаар ярилцлаа.
Хотыг сайхан болгоё гэвэл иргэдийн оролцоо, соёл чухал
-Бүтээн байгуулалтын ажил нийслэлд өрнөж замаа засч, гүүр барьж, үерийн далан, сувгаа шинэчилж, барилга байгууламжууд шинээр ашиглалтад орж байна. Нийслэлд хийж байгаа ажлуудыг санхүү, эдийн засгийн талаас зохицуулж байдаг орлогчийн хувьд таны ажил ургаштай байна уу?
-Аль ч хотын хийж байгаа ажил эргээд хэрэглэж, ашиглаж болдог. Иргэд рүү чиглэсэн, тэдний нүдэнд ил харагддаг, үр ашигтай, санхүүжилт их шаарддаг, хөндлөнгөөс хянаж болдог гээд олон давуу талтай. Хотоо сайхан болгоё, хөгжүүлье гэвэл иргэдийн оролцоо, соёл чухал юм билээ. Манай хотод улсын хүн амын 50 хувь нь ажиллаж, амьдардаг. Гэсэн хэрнээ улсын нутаг дэвсгэрийн 0,3-хан хувийг, хөрөнгө оруулалтын 20-хон хувийг эзлэж байгаа. Улаанбаатар хүн ихтэй, хөрөнгө багатай, хийх ажил их, хэрэгжүүлэхэд санхүүжилт хязгаарлагдсан, хэрэгцээ өндөртэй хот гэж тодотгох гээд байна л даа. Бусад хотоос ялгагдах нь хүн амын бүтэц нь сонирхолтой. 0-16 насны хүүхэд 36 хувийг эзэлдэг. 16-32 насныхан 36 хувийг эзэлдгээс үзвэл залуу хот байгаа биз дээ. Улаанбаатар хоттой хамааралгүй байгууллага, иргэн манай нутаг дэвсгэрт байхгүй. Гадаадын зарим аж ахуйн нэгж манайх хотод огт хамааралгүй, үйл ажиллагаагаа хөдөө явуулдаг гэдэг. Тэднийх оффистоо ус хэрэглэж, автозамаар ажилдаа явдаг байх. Цахилгаан хэрэглэж компьютер ашиглаж байгаа бол хотод хамаатай. Хотоос хамааралгүй, хотын хөгжилд хамаагүй иргэн гэсэн ойлголт байх ёсгүй.
Бүтээн байгуулалтын ажлууд хотод хийж байгаа. Аль ч хотод нийтлэг 251 бэрхшээлийн жагсаалт байдаг юм билээ. Хот хотынхоо онцлогтой уялдаад өөр өөр. Орост гэхэд л асуудал нь түймэр байх жишээтэй. Флиппинд нийтийн тээвэр нь асуудалтай. Бангконгд эмх замбараагүй байдлыг зохицуулах ч юм уу. Тухайн цаг үеэс хамаараад аль асуудал тэргүүлэх ач холбогдолтой вэ гэдэг нь хамелон шинжтэй юм билээ. Улаанбаатар хотод өвөлдөө утааны асуудал хүндрэлтэй. Зундаа бүтээн байгуулалттай холбоотой тоосжилт босдог. Тогтмол байдаг асуудал бол ажилгүйдэл. Орон сууцны нөхцлөө сайжруулах гэсэн эрмэлзэл. Нийтийн тээвэр, айдасгүй амьдрах гэх мэтээр олон асуудал хот бүрт байдаг юм билээ.
-Улаанбаатар хотын асуудал одоо юунд байна вэ?
-Жилдээ  25000 иргэн нүүж ирж, нийгмийн үйлчилгээний ачааллыг нэмэгдүүлж байгаа.
-Хот шилжин ирэгсдийг тоолохоос өөр үүний эсрэг ямар далайцтай ажил хийв. Эдийн засаг хийгээд соёлын талаас нь хориг тавьдаг ч юм уу, шилжин ирэгсдийн хөдөө хуваарилагдсан нийгмийн үйлчилгээний зардлыг хотод татан, төвлөрүүлэх ч юм уу, зохих хуулийг өөрчлөх гэх мэтээр ямар хөшүүрэг, гарц байна уу?
-Дэлхийн бусад хот шилжин ирж байгаа хүмүүсдээ стандарт тавьдаг. Бид бас стандарт, жишиг шаардлага тавьж байгаа. Архангай аймагт гэрэлтэй, дэргэдээ худагтай, сургууль, цэцэрлэгтэй, замтай сайхан орчноос хотод ирээд Баянхошууны эцэст гэрэлгүй, худаггүй, сургуульгүй, нийтийн тээврээс зайтай газрыг өөрсдөө сонгож байна. Амьдралын нөхцлөө доошлуулж ирнэ гэдэг бодох л асуудал. Улаанбаатар хот улсын нийслэл хэрнээ лаатай айл олонтой. Бодит байдлыг үгүйсгэж болохгүй. Шилжилтийн тогтолцоог өөрчлөх ёстой. Аль нэг сум, аймгаас шилжин ирсэн тухайн иргэний төрийн үйлчилгээний зардал нь хасагддаг. Улаанбаатар хотод нэмэгддэг байвал болж байна. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд энэ мэт бэрхшээлийг зохицуулах саналаа оруулаад байгаа. Энэ хууль үүргээ гүйцэтгэсэн. 16 жилийн өмнө батлагдсан учраас уужим амьдралын шаардлагаар зохицуулалт хийх ёстой болсон.
 Таны хэлсэнтэй би санал нэгдэж байна. Канадад засаг захиргааны нийслэл нь Оттово 500 мянган хүнтэй, үнэтэй хот. Татвар өндөртэй. Манайд эдийн засаг, засаг захиргаа, соёл шинжлэх ухааны цогц нийслэлтэй. Тэднийх ялгаатай. Өвлийн олимп болдог Ванкувер хот нь эдийн засгийн нийслэл. Хотууд нь хүн амаа тэгш хуваарилсан. Ижил хөгжиж байдаг. Улсынхаа нийслэлд амьдрахаар шилжиж ирвэл хураамж, татвар төлдөг. Замын хөдөлгөөнд ачаалал нэмэх нь, түргэний тэрэг хэрэглэх нь, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн ачаалал нэмэгдэнэ гэж тооцоод энэ бүхэндээ тохирсон хураамжтайгаа ирвэл зүйтэй гэж үздэг. Манай Үндсэн хуульд аль ч газар нутагт амьдарч болно гээд хавтгайруулсан ойлголт өгчихсөн. Хот ингээд л хүнд байдалд орсон. Хот хүн амаараа бахархаж, тоогоор нь уралдаж амьдрах ёсгүй.
Хөдөөнөөс шилжин ирэх хүмүүсийг хот одоохондоо хүлээн авах боломжгүй
-Эрхээ эдлээд, үүргээ биелүүлдэггүй иргэн олонтой. Дуртай газраа амьдрах ёстой гээд бичиг баримтаа цэгцэлдэггүй олон сар, жил болдог хүмүүст ямар нэг засаглалын хэлбэр үгүйлэгдээд байгаа юм биш үү?
-Хөдөөнөөс наашаа ирэх сонирхолтой, хүсэлтэй хүн байвал хот одоохондоо хүн хүлээн авах боломжгүй. Суурьших газар алга. Цахилгаан хүрэлцэхгүй нь гэх мэт хязгаарлагдмал байдлыг зарлаж ойлгуулна.
-Хотоос хөдөө, орон нутаг руу нүүдэл нэмэгдлээ. Хөдөө цэвэр агаартай, газар байна, ажлын байр, экологийн цэвэр хүнс бий гэх мэтээр сурталчилгаа, зорилтот ажил хийж болохгүй гэж үү?
-Улаанбаатар хотоос жилдээ 3500 гаруй хүн хөдөө шилждэг юм. 4-5 жилийн өмнө 2800 орчим хүн хөдөө шилждэг байсан. Хотоос орон нутаг руу шилжих урсгал бий. Улаанбаатар хот ийм сөрөг үзэгдлийг дахин давтуулахгүйн тулд эдийн засгаас гадна захиргааны аргыг хэрэглэж байгаа. Засаг даргын Тамгын газар гэдэг нь засаглах хэлбэр ш дээ. Ийм учраас үүний нэг илэрхийлэл нь хотод мал оруулж болохгүй. Оруулбал малыг нь улсын орлого болгоно гээд хариуцлагын санкцтай. Нийтийн эрх ашгийн төлөө хийж байгаа ажил бий. Айдасгүй хот болох чиглэлээр Улаанбаатар хот  хэд хэдэн ажил хийж эхэлсэн. Төвд төдийгүй захын хорооллуудад цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Морин эргүүл ажиллуулж, камерийн систем нэвтрүүлж эхэлсэн гэх мэтээр дэлхийн бусад хотын жишгээр ажиллаж байна. Цагдаа, такси  дуудаад ирэх хугацаа нь тэдэн минут, соёлын шаардлага гэх мэтээр олон улсын стандарттай дүйцэх болсон. Иргэд хотын хөгжилд оролцох сайн эхлэлүүд харагдаж эхэлсэн. 32-ын тойрогт зам тавих газрыг чөлөөлөх гэж иргэний дайн маягийн юм болсон. Одоо иргэд манай хашааны өмнүүр зам тавьж байна, эхний эгнээний айл боллоо гэх мэтээр хандлагын өөрчлөлт бий болжээ. Замын зарим компани барилын дутагдалтай хэвээр сууна. Хятад, Солонгост зам тавьж байхдаа газрыг чөлөөлж дуустал нь хүлээдэггүй. Чөлөөтэй хэсгээ янзлаад явдаг. Хийж байгаа ажлаа танилцуулсан самбаруудаа ил тавьж, бүтээн байгуулалтын дуу, хуураа эгшиглүүлж, энэ зам ингэж тавигдсанаар иргэдэд ээлтэй гэх мэтээр ажлаа сайн сурталчилдаг. Ингэхээр хүмүүс оргилсон сэтгэлээр хотын зам гэж ойлгохоос илүү миний аж амьдралд үйлчилдэг, сургуульд ойр, хүүхдэд тустай, манай гэрийг хөгжүүлэх зам гэж хүлээж авдаг. Хотоос хийж байгаа ажлыг хэрэглээ гэдэг утгаараа хүлээн авдаг. Манайхны бүтээн байгуулалтад компаниудын зүгээс соён гэгээрүүлэх ажил дутаж байгаа нь илт. Ажилтнууд зам дээр завилж суугаад газар бүрэн чөлөөлсний дараа ажилдаа орно гэж гэдийдэг. Газраа эхний 10 айл чөлөөлөөд зам тавихгүй хүлээх зуурт үлдсэн нь бусдынхаа итгэл үнэмшлийг суллах тал бий. Зөв зам байна, бид туслая гэж хандах хүн байна. Иргэдийн соёлын төвшин өөрчилөгдөх болсон. Хот хөгжинө гэдэг нь иргэдийн оролцоог хэлдэг юм билээ.
-Хотын хөгжлийн төлөө иргэд ингэж оролцоод гэсэн баримт, сайхан жишээ байна уу?
-Хотын бус хувийн мөнгөөрөө гадаадад явсан зарим иргэн хогний савны зургийг гар утсаараа аваад ирэх жишээтэй. Хүмүүсийн харилцаа нь өөдрөг байна. Нийтийн тээвэр нь ингэж үйлчилдэг гэх мэтээр явсан газар, орны байдлын ололттой талыг  Улаанбаатар хоттой харьцуулдаг болж. Хэрэг болгож ирээд бидэнд саналаа хэлж, үзсэн харсан зүйлээ ажил болгооч гэж хүсдэг. Иймээс дараагийн нэг алхам болгож хотын гэрэлтүүлгийг сайжруулах талаар юм бодож байгаа. Хараа муу хүн нүдний шилээ зүүхээр орчныг тод томруун хардаг шиг шөнө ч гэсэн гэрэл гэгээтэй өөдрөг байдлыг бий болгох юм бол далд үр ашиг их. Гэмт хэргээс сэргийлэх, гудамжаар айдасгүй сэтгэл тэнүүн явах, хотын үзэмж дээшлэх зэрэг эерэг уур амьсгалыг бүрдүүлэх юм. Гэрэлтүүлгийн дизайн, шийдэлд анхаарсан шинэ технологийг хотод удахгүй нэвтрүүлэнэ. Хот Эрээний зах зээлээс сонгодог байсан бараа, технологийг халах чиглэлийг барих болсон. Бараа, тоног төхөөрөмжийг орчин үеийн  мэдээлэлд үндэслээд сонголт хийж иргэдийн сайхан амьдралын төлөө нийслэлийн өдрийн өмнө энэ ажлыг жишиг болгож харуулна. Зөв ажлын эхлэл хотод хэдийнэ тавигдсан.
Хууль зөрчвөл бид эвлэрэхгүй
-Дүүргүүдэд саяхан цэцгийн баярыг зохион байгуулсан нь иргэдэд нэлээн хүрсэн ажил болсон. Иргэд хотоос ажил нэхээд суулгүй өөрсдөө ажилладаг жишиг тогтох нь гэж ойлгож болох уу?
- “Жон бэйс” компаний захирал Нарантуяа цэцгийн баяраар үзэсгэлэн гаргах санал тавьсан. Мөн “Мамбадацан” хийдийн хамба лам Нацагдорж гадагшаа явж ирээд тэднээс үлгэр авмаар зүйл хэлсэн. Ийм зүйлийг хотод нэвтрүүлж болмоор байна, хогийн сав нь ийм, гэрэлтүүлэг нь ийм, хүмүүс нь тэвчээртэй байдаг юм байна, хотын амьдрал арай өөр байна. Ийм зүйлийг бид нийтээрээ амьдралдаа нэвтрүүлбэл ямар вэ гэсэн санал хэлсэн. Бид цэцгийн баярыг зөвхөн нэг удаа хийгээд дуусахгүй, цаашид тогтмол тэмдэглэж хэвшүүлнэ. Бид зарим нэг зүйлд шүүмжлэлтэй  хандаж байгаа. Зарим дүүрэг хиймэл зүлэг тавьчихсан байна. Яахав нэг талаар ажил хийе гэсэн хүсэл байгаа ч нөгөө талаас ажлыг мөн чанараар нь хийх ёстой.
-Ирэх жил олон байгууллага энэ баярт оролцмоор байна гэсэн яриа сонсдож байсан. Энэ ажил иргэдийн дунд нэлээн таашаагдаж байх шиг?
-Иргэдийн оролцуулах ажил зохион байгуулахад хүмүүс ихээхэн дэмждэг болсон. Долдугаар сарын 13-нд зохион байгуулсан “Дээлтэй Монгол” өдөрлөгийг нэрлэж болно. Энэ өдөрлөгт иргэд идэвхитэй оролцож, Монгол хүн гэдгээрээ бахархасан сайхан арга хэмжээ болсон. Энэ баярыг гаднынхан их үздэг болсон. Манай үндэсний зан заншил, соёлтой танилцдаг, монгол үндэстэн гэдгээрээ бахархадаг. Монгол хүн бүрийн бахархлын баяр болсон л доо. Энэ баяр хэвшил болчихоор бидний ухамсар хүртэл өөрчилөгдөж эхэлсэн. Нэг дүүргээс гэхэд л баярт дээлтэй 600 гаруй хүн оролцсон. Хүн бүр энэ баярыг өөрсдийн санал санаачилга, оролцоогоороо баяжуулж байгаа. Энэ мэт хэвшил болж байгаа ажил хотод нэлээдгүй байна. Цэцгийн баярыг байнгын ажил болгоно. Хэрэгжээгүй хэцүү ажлууд ч бас байна.
-Хэрэгжүүлэхэд хэцүү ямар ажил байна вэ?
-Ихэвчлэн хувь хүний соёлын шинжтэй ажил хийхэд хэцүү байна. Харахад боловсролтой, соёлтой сайхан залуус гудамжинд шүлсээ хаядаг, нийтийн унаанд бүдүүлэг зан гаргадаг, бусдыг үл хүндэтгэх зэрэг төсөв мөнгөнөөс шалтгаалдаггүй, зөвхөн хувь хүний ёс зүйгээс хамаарах соёлт иргэдийг төлөвшүүлэх л хамгийн том бэрхшээлтэй ажил. Энэ асуудал цаашлаад хотын тулах цэг болох жишэээтэй.
-“Хүрээ соёл” нэртэй аян өрнүүлж байсныг санаж байна. Иргэд нэлээн таатай хүлээж авсан?
-Дээр үед хөдөөнөөс хот руу ирж байгаа иргэд “Хүй долоон худаг” орчим унаагаа сэлгэж, дээлээ сольдог, замынхаа тоосноос салдаг, хот руу нүүж байгаа айлдаа нутгийнхан нь “танайх цэрэг ороо никель болго” гэж орыг нь сольж өгдөг байсан. Тэгэхээр хүрээний ор нь хүртэл стандарттай, никель байх жишээтэй. Хүүхнүүд нь хүртэл өдөн цагаан малгай хэлтгий тавьдаг. Залуучууд нь хромоо гялалзтал нь тосолчихсон. Цэвэрхэн торгон дээлтэй, бие биедээ хэлж ярьдаг үг нь цэгцтэй, соёлтой байх жишээтэй. Энэ байдлыг эргэн сэргээх, таниулах зорилгоор “Хүрээ соёл” аяныг бид өрнүүлсэн. Үүнтэй холбоотой нэг чухал зүйл бий. Энэ бол замын хөдөлгөөнд соёлтой оролцох. Бид бөөнөөрөө гарцан дээр зогсч байгаад давших байдлаар зам гардаг байв. Цагаан, ногоон гэрэл ер хамаагүй. Одоо гэрлэн дохио хүлээдэг болсон. Энэ нь бас л нэг соёлыг хэвшүүлэх ажил юм. Үүнээс үүдээд нэвтрэх шугамын ачаалал ихэссэн, зам тээврийн ослын тоо багассан гэх мэт давуу талтай болсон.
-Баар, цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийг хязгаарласнаар хотод согтуу хүн харьцангуй багассан. Баарны эзэд ажлын байр, хувийн өмчид төр оролцлоо гэх ч юмуу ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан байх аа?
-Шөнийн цагаар хууль зөрчөөд үйл ажиллагаа явуулж байсан баар, цэнгээний газруудын ажиллах цагийг хязгаарласан. Энэ үеэр нийслэлийн удирдлагууд дүүргүүдэд ажилласан. Иргэдийнхээ үгийг сонсоод ажилдаа тусгаж авъя гэсэн бодлого барьсан. Иргэдээс ижил санал гарсан. Хууль зөрчвөл бид эвлэрэхгүй.
Хэн нэг эзэнд тал зассангүй,гаргасан шийдвэрээ ч өөрчлөөгүй
-Тэр нь юу юм бол. Тодруулахгүй юу?
-“Залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг энэ газрууд хэтэрлээ. Хүүхдийн хөгжилд ч муугаар нөлөөлж байна” гэж эцэг эхчүүд гомдоллосон. Энэ газрууд уртасгасан цагаар ажилласнаар гэмт хэрэг их гарах болсон. Хэлэхэд хэцүү хэрэг илэрч байсан. Энэ  мэт сөрөг үзэгдлүүдийг дахин гаргуулахгүйн тулд цагийн хязгаарлалт хийсэн. Тухайн үед бэрхшээл учирсан. Хуулийг хэрэгжүүлэх үүднээс энэ ажил горимондоо орсон. Хэн нэг эзэнд тал засч гаргасан шийдвэрээ өөрчлөөгүй. Ийм ч учраас иргэд энэ ажилд тааламжтай хандсан. Хүүхэд нь гэртээ эрт ирдэг болжээ. Гэмт хэргийн гаралт буурчээ. Шөнө бархирч, хашгирдаг архичид алга болсон. Ингэснээр иргэддээ ээлтэй хот болох зам руугаа дөхсөн. Энэ нь Монголын төр хүчтэй шийдвэр гаргаж нийтийн эрх ашгийн төлөө хэрэгжүүлж чаддагыг батласан. Энэ ажлын хэрэгжилтийг илтгэх бас нэг жишээ байна.
-Ямар жишээ байна вэ?
- “Гранд плаза”-гийн ойролцоох газрыг хотын зураг төслийн дагуу чөлөөлж өгсөн ажил байна. Иргэд өөрийн амьдарч байгаа гудамж, талбайгаа чөлөөлж өгөөд байхад энэ том компани эзэмшил газраа чөлөөлөх нь үү, үгүй юу гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан. Үүнийг аль аль талаасаа зөв ойлгож замаа чөлөөлж өгч байгаа нь хотын шийдвэр хэн нэгнийг алагчилж үздэггүйг батласан. Дээрээс гарсан шийдвэр хувь хүнд хатуудаж, том пүүс компанид зөөлөн үйлчилдэг гэсэн явцуу ойлголтыг халсан. Хуулийн өмнө нийслэлийн иргэн бүр ижил тэгш эрх, үүрэг хүлээнэ гэсэн жишиг тогтоож байгаа юм. Цаашдаа нийтийн эрх ашгийн төлөө энэ мэт асуудлыг ингэж л шийдэж байна. Энэ мэт зам чөлөөлөх асуудал бусдын төлөө учраас чөлөөлөгдөөд, шийдэгдээд явж байна.
-Хотод амьдардаг иргэн бүр халуун ус хананаасаа аваад орон сууцанд орохыг хүсч байна. Төрийн албаныханд зориулсан 40 мянган айлын орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Нэг үеийг бодвол иргэд банктай харьцаж, мөнгө санхүүгээ тооцдог болжээ?
- Манай хот нүүдлийн болон суурин соёлтой гэхэд хэн ч маргахгүй. Хотын амьдралын хэв маягтай нийцэхийн тулд жишгийг мөрдөх ёстой. Түүний нэг нь гэр хорооллыг орон сууцжуулах ажил юм. Мөн хотын төвд байгаа түүх дурсгалын биш олон барилгыг нягтшуулах, өндөр барилга барих төсөл хэрэгжүүлэх. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 100 мянган айлыг орон сууцжуулах зорилт тавьсан байгаа. Манайд энэ ажил биелэхгүй юм шиг ойлгогдоод байгаа. Сая Тянжины бизнесменүүд манай хотод ирсэн. Тэд улс эх орноо хөгжүүлсэн топ бизнесменүүд. Нэг бизнесмэн нь л гэхэд саяхан болсон үзэсгэлэн худалдаанаас 10 бойнго онгоц худалдаж авсан байдаг. Тэд 100 мянган айлын орон сууц барих ажлыг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна гэсэн. Тэдэнд бараг инээдэм маягийн дуулдаж байгаа гэсэн.
Оргил насандаа өөрийн орон сууцтай болдог болжээ
-4000 мянган айлын орон сууц хөтөлбөрт нааштай эргэлт гараад байгаа юм болов уу?
-Хүмүүс насны эцэст арай гэж орон сууцтай болоод л дуусдаг байсан. Тэгвэл одоо залуус ид оргил насандаа орон сууцтай болоод түүнийгээ барьцаалж зээл авдаг, амьдрал ахуйгаа дээшлүүлдэг нөхцөл нь бүрдсэн. Одоо төрийн албан хаагчдын тодорхой хувь нь орон сууцжуулах хөтөлбөрт хамрагджээ. Ингэснээр төрд тогтвортой ажиллах боломж бүрдэж байгаа юм. Заавал гадаадад, Солонгост очиж хараар ажиллаж байж байртай болно гэсэн ойлголт өөрчлөгдсөн. АНУ-д үр хүүхэд нь эмээ өвөө, элэнц хуланцынхаа зээлээр авсан байранд өрийг нь төлөөд л амьдарч байдаг. Гэхдээ тэдний үгийн санд нэг зөв ойлголт байдаг. Байрныхаа зээлийг өр гэж үздэггүй. Эдийн засгийн эргэлт гэж ойлгодог. Харин мөнгөө төлөхгүй бол ном журмынх нь дагуу үл хөдлөх хөрөнгийг нь хураагаад авчихдаг. Ийм л жишиг шаардлагыг биелүүлье гэсэн бодлогоор л ажиллаж байгаа.
-Сүүлийн үед иргэдийн оролцоотой гэр хорооллыг хөгжүүлэх төслүүд хэрэгжих болжээ. Манайханы дунд гэр хороололд амьдардаг гэхээр л доогуур үнэлэгдэх ойлголт байдаг. Гэвч хашаандаа ногоо тарьсан, мод зүлэг суулгачихсан, байшингаа хотын төвийнхнөөс ялгаагүй сайхан тохижуулсан айлууд байна. Иргэдийн оролцоо та бүхний ажилтай нэлээн уялдаад байна уу?
-Хотын захын сургуульд сайн багш байхгүй гэсэн ойлголт хүмүүст байдаг. Сайн багш нар тэнд байдаг. Яг түүн шиг хотын захын айлууд, ядуу амьжиргаа муутай гэсэн ойлголт одоо арилсан. Тэд харин сэтгэл тэнүүн, өрхийн орлоготой, хашаандаа ажлын байртай, амьдрал хангалуун, үлгэр авахаар зүйл байна. Үүнийг дэлгэрүүлэх  нь чухал.
     Улаанбаатар хот улсын нийслэлийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Үүрэг нь төсвийн орлогынхоо тодорхой хувийг улсад төвлөрүүлдэг. Улаанбаатар хот улсад энэ жил 56 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Хоёр дахь чиглэл нь нийтийн тээвэр. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настанд зориулж 30 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох зэргээр нийт 86 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлэн нийтийн эрх ашигт зарцуулсан байна. Энэ мэт Улаанбаатар хотод хийх ажил их, хэрэгжүүлэх санхүүгийн механизм хязгаарлагдмал байна. Бид төрийн мөнгөөр дулдуйдах биш гадаад, дотоодын донор байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг авах, донор орнуудын уулзалт зохион байгуулах, харилцааг нэмэгдүүлэх чиглэлээр уулзалт зохион байгуулж Ерөнхий сайд оролцсон. Гадны санхүүгийн боломжийг судалж байгаа. Гэхдээ Улаанбаатар хотын хууль эрхзүйн орчин өөрчлөгдөөд бонд гаргадаг, өөр газруудад хувьцаа эзэмшдэг, гадаад харилцаагаа ч мөн эдийн засгийн агуулагатай болгох, дотоодын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах зэрэг ажил хийж байна. Дараагийн нэг багц ажил нь хөрөнгө оруулалтын хэмжээн дээр нэг төгрөг тутамд үр ашиг тооцох ажлыг хотын даргын санал, санаачилгаар мөрдөөд явж байна. Үр ашигтай байлгая, чанартай зам тавъя, чанартай бараа материал худалдаж авъя, ашиглах хугацааг нь уртасгая, технологийн горимийг нь сайжруулъя гэж зорьж байна. Гурвалжингийн гүүр тавигдаж байна. Өмнө нь замаа нөхдөг байсан бол одоо давхар зам тавьж байна. Гүүрэн зам барьж байна. Өргөтгөж, уртасгаж байна. Улаанбаатар хот нийт 420-иод км замтай. Энэ нь зүүн тийш Хэнтий аймаг өнгөрөх хэмжээтэй дүйцэхүйц. Зөвхөн төв замаа шинэчилэхээс гадна хот дотроосоо гэр хороолол руугаа явдаг зам тавьж эхэлж байгаа. Цаашдаа санхүүгийн асуудал шийдвэрлэгдээд ирэхээр давхар замуудыг тавина. Хүн амын орлогын албан татвар 7,6 хувиар давж биелэсэн. Үүнтэй холбоотой аль болохоор үзэгдэж харагдах зүйлд НИТХ-аар төсвийн тодотгол хийж байгаа. Иргэддээ үйлчлэх, нэг цэгийн үйлчилгээг төвлөрүүлэх асуудлыг түлхүү ярьж байгаа. Хүнд суртал, хүлээлт, чирэгдэл үүсгэхгүй олон газраас үйлчилдэг болгохгүйн тулд төрийн үйлчилгээг нэг цэгийн системд шилжүүлж байна. Хоёр дахь тодотгол, өнгөрсөн жилүүдэд үер, уснаас урьдчилан сэргийлэх зорилготой далан суваг барих ажлыг эхлүүлсэн. Одоо зарцуулж байгаа мөнгөнөөсөө илүү зардал гарч болзошгүй байгаа. Тийм учраас бид гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж энэ ажилд нэлээн санхүү төсөв төлөвлөсөн. Олонд харагдаж, үзэгдэх ийм ажилд бид төсвийн тодотголоо хийж, хотын үндсэн үйл ажиллагаанд зарцуулах эхлэлүүдийг тавьж байгаа. Гэхдээ санхүүжилт хязгаарлагдмал хэвээр байгаа.
Гэр хороололд өндөр барилга бариад орчмынх нь айлууд амьдрана
-Сая нийслэлийн газрын үнэлгээ, бүсчлэл өөрчлөгдсөн. Нийслэлд орох төсвийн орлого нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?
-Төлбөр, хураамж, татвар зэрэг нь иргэд, аж ахуй нэгжийн хуримтлалаар үүсдэг учраас төлсөн төлбөртөө нийцэхүйц  чанартай ажил явуулахыг татвар төлөгчид шаарддаг. Ийм учраас бид татвар төлөгчдийн хуримтлалаар үүссэн энэ төсвийг зориулалтын дагуу чанартай зарцуулахад нь анхаарч байгаа. Үүний нэг нь  газрын төлбөрийн асуудал. Ингэснээр хамтарч ажиллаж байгаа компанийн хариуцлага сайжирна. Хугацаандаа барилгаа барина. Үүнийг дагаад ажлын байр, үйлчилгээний төрөл нэмэгдэнэ. Шинэ барилгын нийтийн бие засах газарт иргэд нь үйлчлүүлэх стандарт тавьж байна. Аль ч байгууллага нэг давхартаа бие засах газраар үйлчилдэг, доод давхартаа гражтай, лавлагаа ажиллуулдаг зорилт тавьсан. Сайхан орчинд, сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд л төрийн захиргааны байгууллагуудад нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлж байна.
Гэр хороолллыг барилгажуулах төслөөр үлгэр болгох үүднээс дамжин өнгөрөх барилгажилтын ажил нийслэлийн зургаан дүүрэгт өрнөх юм.
-Дамжин өнгөрнө гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Гэр хороололд дэд бүтцэд холбосон өндөр барилга бариад тэр орчмынх нь айлууд амьдрах юм. Өөрөөр хэлбэл газраа чөлөөлж өгөөд байшиндаа амьдрана гэсэн үг юм.
-Түр амьдрана гэсэн үг үү?
Олон хороолол баригдаад ирэхээр иргэд сонголтоо хийгээд амьдрана гэсэн үг.                                       

 
           
 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e