2010.08.02 Даваа
Огноо: 2010-08-02 | Үүсгэсэн: 2010-08-02 03:37:59
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2010 ОНЫ 7 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ
2010-8-02
НЭГ. Монгол улсын Засгийн Газрын 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй хангуулахад онцгой анхаарч хүч, нөөц бололцоогоо чиглүүлж ажиллах. Хот, дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг газар дээр нь танилцаж, комиссоо хуралдуулах.
БИЕЛЭЛТ: Хотын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийх урсгал засварын, өвлийн бэлтгэл ажлын техник технологийн зохион байгуулалт гэж хоёр хуваан төлөвлөн ажиллаж байна.
Инженерийн хангамжийн байгууллагуудын хувьд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан зуны их, урсгал засварын нэгдсэн графикийн дагуу ажлаа зохион байгуулж төлөвлөсөн нийт ажлын 60.0 шахам хувийг гүйцэтгэсний дотор инженерийн хангамжийн томоохон байгууллагууд болох Улаанбаатар Дулааны сүлжээ ХК 54.5, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 60.0, Ус сувгийн удирдах газар 81.0, Орон сууц, нийтийн аж ахуйн салбар, компаниуд 45.2, Төвийн бүсийн Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК 65.0, Сууц өмчлөгчдийн холбоод 60.0 хувийн гүйцэтгэлтэй байна. /Графикаар үзүүлэх/
Баруун дөрвөн замаас Бөмбөгөрийн уулзвар хүртлэх дулааны шугамыг шинэчлэн ашиглалтад оруулснаар 7 дугаар хороолол, Бага тойруугийн халаалт доголдолтой газрууд жигдрэхээс гадна шинээр орон сууц барихад хүндрэлгүй болно.
Улаанбаатар хотын харъяаны халаалтын зуухуудын засвар үйлчилгээг хийж байгаагийн дээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай УС-15 халаалтын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчилснээр тэр орчимд халаалт явуулдаг 10 гаруй нам даралтын зуухыг зогсооно. Мөн Налайхын Гродок тосгонд шугам сүлжээг шинэчилж байна.
Төсвийн тодотголоор орон сууцны хорооллуудын доторх цэвэр, бохир усны болон дулааны шугам сүлжээг солих хөрөнгө батлагдаж энэ ажлыг эхлүүллээ.
Өвөлжилтийн бэлтгэл хангалтыг нэгтгэн дүгнэвэл хөрөнгө мөнгөнөөс болж цаг алдсан, ажил цалгардсан байдал үгүй байна.
ХОЁР. Төсвийн ерөнхий менежерүүд төсвийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтийн явц, байгууллагынхаа эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг авч хэлэлцэн цаашдын зорилтоо тодорхойлох.
БИЕЛЭЛТ: Дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 28 агентлаг, харъяа 28 байгууллага, Захирагчийн ажлын албаны харъяа 9 газар эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааны тайлангаа гаргаж зохих газруудад хүлээлгэн өгсөн байна.
Төсвийн ерөнхий менежерүүд төсвийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтээ тооцон, байгууллагын хамт олондоо тайлагнасан тухайгаа мэдээлжээ. Тухайлбал: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа 16 нэр төрлийн ажлыг үргэлжлүүлэн хийхэд шаардлагатай нэмэлт хөрөнгийг төсвийн хэмнэгдэл 666.6 сая төгрөгөөс гарган хийхээр төлөвлөжээ.
ГУРАВ. Энэ оны төсвийн тодотгол нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар батлагдсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргаас эрх нь шилжсэн хөрөнгө оруулалтын ажлыг дүүргийн Засаг дарга, агентлаг, харъяа газрын дарга нар шуурхай гүйцэтгэх. Инженерийн шийдэл бүхий хөрөнгө оруулалтын ажлыг хот хариуцан гүйцэтгэнэ. Эрх шилжсэн бусад ажлыг дүүрэг, агентлаг, харъяа газрууд хугацаанд нь, чанартай гүйцэтгэхэд нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын зөвлөлгөөг тухай бүр авч байх, ажлын явцыг нийслэлийн Засаг даргын орлогч нарт танилцуулах. Дүүргүүд төсвөө шинэчлэн батлах.
БИЕЛЭЛТ: НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс энэ оны төсвийн тодотголоор батлагдан нийслэлийн Засаг даргаас эрх нь шилжсэн хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг дүүргийн Засаг дарга, агентлаг, харъяа газрын дарга нарт хүргүүлжээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хөрөнгө оруулалтын ажлуудад графикт хугацааны дагуу хяналт тавин ажиллаж байгаа ба аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний дагуу 7 дугаар сарын 26-ны байдлаар 94 ажил бүрэн дууссан, 7 дугаар сард 49, 8 дугаар сард 31, 9 дүгээр сард 4, 10 дугаар сард 6, 11 дүгээр сард 21, 12 дугаар сард 11 ажил графикийн дагуу хийгдэж дуусна. /Хүснэгтээр үзүүлэх/
Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд 300 айлыг түр суурьшуулах, дамжин өнгөрөх барилгыг зургаан дүүрэгт барих байршлыг шийдвэрлэн Мэргэжлийн комиссын хурлаар оруулахаар бэлтгэж байна. Улаанбаатар хотын хаягжилтад эхний ээлжинд шаардагдах 100.0 сая төгрөгийг батлуулсан ба төсвийн задаргааг нарийвчлан гаргасан. 2011 онд шинээр хэрэгжүүлэх Баянголын амны дэд станц, агаарын шугам, Нисэхийн цэвэр усны эх үүсвэрийн насосны станц, усан сан, мөн цэвэрлэх байгууламж, дулаан хангамжийн гол шугам 6д-г өргөтгөн шинэчлэх ажлын зураг, Зүүн сэлбэ хорооллын барилгажилтийн төслийг батлагдсан төсвийн дагуу хийж эхлүүлээд байна.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн барилгын засварын ажлын нээлттэй тендерийг зарлаж гүйцэтгэгчийг сонгосон, Сонгинохайрхан дүүргийн 4,7 дугаар хороодод байгуулах спорт чийрэгжүүлэлтийн талбайн ажил эхэлсэн, мөн дүүргийн 9, 67, 76, 42 дугаар сургууль, 13 дугаар хорооны гадна талбайд байгуулах спорт чийрэгжүүлэлтийн талбай байгуулах ажлын нээлттэй тендер зарлагдан шалгарсан гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулж байна.
Нийслэлийн Газрын алба нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулан тендерийн бичиг баримтын төслийг боловсруулжээ.
Нийслэлийн Засаг даргаас эрх нь шилжсэн хөрөнгө оруулалтын ажлаар Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийсэн бол Баянзүрх дүүргийн Засаг дарга энэ талаарх мэдээллийг дараагийн шуурхайд хийнэ. Багануур дүүрэгт 4, Налайх дүүрэгт 2, Багахангай дүүрэгт 3 ажил хяналтад байна.
Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүрэг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Хуралдаанаа хийж тодотгосон төсвөө баталсан бол Багахангай дүүрэг 8 дугаар сарын 04-нд, Баянзүрх дүүрэг 8 дугаар сарын 16-нд, Баянгол дүүрэг 9 дүгээр сард багтаан хийхээр төлөвлөсөн, харин Сонгинохайрхан, Налайх дүүргүүд өнөөдрийн байдлаар хугацаагаа товлоогүй байна.
ДӨРӨВ. Үер, усны аюулаас сэрэмжлэх, үүссэн нөхцөл байдлын үед шуурхай арга хэмжээ авахад дүүрэг, агентлаг, харъяа газар, байгууллага, аж ахуйн нэгжүүд байнгын бэлэн байдалд байх. Дүүргүүд үер усны зам дагуу зөвшөөрөлгүй суурьшсан өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн хэмжээнд үерийн аюултай бүсэд суурьшсан 3441 өрх байгааг шинэчлэн тодотгож тэдгээрээс 3240 өрхөд мэдэгдэл, шаардлага хүргүүлснээс Хан-Уул дүүрэг зургаа, Сүхбаатар дүүрэг зургаан айлын гурван хашааг нүүлгэн шилжүүлснээс өөр тодорхой үр дүнгүй байна.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд сэрэмжлүүлэг өгч байгаа, нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран Туул, Хэрлэн голд хэсэгчилсэн завьтай эргүүл гаргасан, усны аюултай цүнхээл, голын эрэг нь нурж болзошгүй зургаан газарт усанд орох, ойролцоо явахыг хориглосон тэмдэгжүүлэлт хийж байрлуулсан зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авсан хэдий ч амралтын өдрүүдэд усанд хүн осолдсоор байгаад холбогдох байгууллагууд дүгнэлт хийвэл зохино.
Бүх дүүргүүд үерийн ус зайлуулах далан сувагт цэвэрлэгээ хийж нүхэн гарцуудыг онгойлгон, тэндээс гарсан хог, лагшаасыг ачих ажлыг мэргэжлийн байгууллагаар болон хөдөлмөр эрхлээгүй иргэдийг татан оролцуулж гүйцэтгэжээ.
Энэ оны төсвийн тодотголоор болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх байгууламжийг хэд хэдэн газар байгуулах хөрөнгө батлагдсан дагуу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Биокомбинатын орчмын үер усанд автах эрсдэлтэй айлуудыг ослоос хамгаалах түр далан байгуулахаар ажиллаж байна.
Усны барилга, байгууламж компани хотын авто замын ус зайлуулах шугам, худгийн засварын ажлын 70.0 хувийг гүйцэтгэж, Ажилчны гудамж, Барсын гүүрэн гарцын 3 дугаар коллектор, Нарантуулын борооны усны шугам шилжүүлэх, Баянзүрх дүүргийн ЭТӨЧ-нд борооны ус зайлуулах 17 шүүр болон үзлэгийн худаг шинээр хийсэн.
Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргүүд үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тодорхой хэмжээний хөрөнгө төлөвлөн зарцуулжээ.
ТАВ. Хүй долоон худагт зохион байгуулагдах төвийн бүсийн “Их хурд” хурдан морины уралдааны үйлчилгээг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн нар хариуцах. Ерөнхий удирдлага зохицуулалтаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ц.Болдсайхан хангаж ажиллах.
БИЕЛЭЛТ: Хүй долоон худагт 2010 оны 7 дугаар сарын 21-нд зохион байгуулагдсан “Их хурд-5” хурдан морины уралдааны өмнө тохижилт, засварын ажил хийхэд зориулан 6.4 сая төгрөгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн багцаас гарган зарцуулсан байна. Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг баяр наадмын үйлчилгээг сайн зохион байгуулсан үнэлгээг төв комиссоос авчээ.
ЗУРГАА. Хөрөнгө оруулалтын ажил, ялангуяа нийгмийн салбаруудын засвар, өргөтгөл шинэтгэлийн ажлыг 8 дугаар сарын 25-ны дотор бүрэн дуусгасан байх. Томоохон хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг Б.Мөнхбаатар дарга ажил нэг бүрээр авч үзэж газар чөлөөлөлт, зураг төсөл зохиолт зэрэгт оролцогч байгууллагын удирдлагуудтай 7 хоног тутамд шуурхай хийж байх. Улаанбаатар хотын Ерөнхий инженер Ц.Ганхүү, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг Хотын даргын өмнө бүрэн хариуцах.
БИЕЛЭЛТ: Нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаас эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн их засвар болон орон сууцны дээврийн нийт 116 ажлын 81 нь буюу 70.0 хувь нь дууссан, үлдэх ажлын гүйцэтгэл 77.5 хувьтай, графикт хугацаагаар хийгдэж байна. /Өмнө хүснэгтээр үзүүлсэн/
Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн засвар, өргөтгөл шинэтгэлийг дээрх хугацаанд дуусгахаар графикийн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар 21 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, 75 дугаар цэцэрлэгийн барилга угсралт болон 19 байгууллагын их засварын ажил дууссан. Эрүүл мэндийн салбарын засварын 10 ажлаас 8 нь бүрэн хийгдсэн, үлдэх ажлын гүйцэтгэл 90.0 хувьтай байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг Хотын даргын өмнө хариуцан ажиллах үүргийг хэрэгжүүлэх зорилгоор дүүргүүд, агентлаг, харъяа байгууллагуудад албан бичиг хүргүүлэн хөрөнгө оруулалтын ажлын тайлан мэдээг гаргуулан авдаг болжээ
Нийслэлийн Газрын алба Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн Монел, Монос, Алтан өлгий орчмын айлуудыг замын зураг масштабын алдаатай, шаардлага хангаагүйгээс Авто замын газарт буцааснаас шалтгаалж нүүлгэн шилжүүлэлт хийгээгүй, харин Ботаникийн цэцэрлэгийн хашааг дотогш нь татуулсан, Кино үйлдвэрийн урд замын трасст байрлалтай байсан гурван айл, нэг дэлгүүрийг нүүлгэсэн, баруун дөрвөн замын урьд Гранд плаза төвийн автомашины зогсоолын тавцанг харилцан тохиролцсны үндсэнд өөрсдөөр нь буулгуулсан ба одоо Баянгол дүүргийн 9,10,11 дүгээр хороодод газар чөлөөлөх ажил хийж байна. Газар чөлөөлөөгүйгээс автозамын засвар, шинэчлэлийн ажил зогсоогүй болно. /Буулгалтын ажил хийж байгаа зургийг үзүүлэх/
Авто замын газраас 2010 оны хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа авто зам, замын байгууламжийн ажлын явцын талаар өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр тус газрын дарга дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн ба 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэгч компаний захирлуудыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч хүлээн авч ярилцан тэдэнд үүрэг даалгавар өгөөд байна.
ДОЛОО. “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” нийслэлийн Засаг даргын 2010 оны 368 дугаар захирамжийг хэрэгжүүлж Чингэлтэй , Сүхбаатар, Баянгол дүүргийн зарим хорооны өрхүүдэд шахмал түлш хэрэглэх сурталчилгааг сайтар хийх, дээрх хороодын өрхүүд түүхий нүүрс татан авахгүй байхыг тухайн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Агаарын чанарын алба гардан хариуцах. Энэ үүргийн биелэлтийн явцыг шалган дүгнэлт гаргаж нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд, нэр бүхий 3 дүүргийн Засаг дарга, Агаарын чанарын албаны дарга нар Нийслэлийн Засаг даргад танилцуулах.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд баригдсан, Чех улсын тоног төхөөрөмжөөр суурилагдсан, жилдээ 12 мянган тонн үртсэн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Хос гарьд консерциум ашиглалтад хүлээлгэн өгөөд байна. Энэ үйлдвэрийн үндсэн түүхий эдийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны түлшний зургаан үйлдвэрээс авахаар гэрээлсэн.
Гурван дүүргийн 12 хорооны 25851 өрхөд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлан шахмал түлш хэрэглүүлэх суртчилгааг бүхий л түвшинд хийж байна.
Дээрх өрхүүдийг 81.8 мянган тонн үртсэн, нүүрсэн, коксон шахмал түлшээр хангахын тулд өөрийн үйлдвэрээс гадна 12 үйлдвэрийг сонгон гэрээ байгууллаа.
Түлш борлуулах цэгийг хорооны өрхийн тооноос хамааруулан хороо бүрт 5-8 байхаар тооцож судалгаа гаргасан ба одоогоор дүүргүүд 72 цэг ажиллуулах байршлыг тогтоогоод байна./Хүснэгтээр үзүүлэх/
Чингэлтэй дүүрэг сонгож авсан хороодын хэсгийн ахлагч нарыг боловсруулсан түлшний гэрээт борлуулагчаар ажиллуулах, орон сууцны хороолол дунд инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй байгууламжуудын сахиул, манаач нарын хэрэглэж байгаа түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, Сүхбаатар дүүрэг хэсэг бүрт нэг төрлийн түлш хэрэглүүлэх зэрэг арга хэмжээ авчээ.
Нэр бүхий гурван дүүрэг болон нийслэлийн Агаарын чанарын алба цахилгаан эрчим хүчний хүрэлцээтэй өрхүүдэд шалны цахилгаан усан халаагуур суурилуулах, тэрхүү халаагуурыг банкны лизингээр хөнгөлөлттэй үнээр авч өгөх, Монголын мянганы сорилын сангийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний хэмнэлттэй байшин барих зээл олгуулах, зөв шаталттай зуухыг сонгон шалгаруулж иргэдэд суртчилан борлуулах, төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр гэрийн дулаалгатай болгох, тээврийн хэрэгслийн утааг хэмжих багаж нийлүүлэх тендер зарлан гүйцэтгэгчийг шалгаруулан ажил эхэлсэн зэргээр агаарын бохирдлыг бууруулах ажлыг цогцоор хийж байна.
НАЙМ. Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга мэргэжлийн комиссуудын ажлыг авч үзэн шинэ барилга бүрийн орчны тохижилтыг усан оргилууртайгаар төлөвлөн зураг батлуулан ажил гүйцэтгэх тухай мэдээллийг төсөл зохиогч, захиалагч нарт яаралтай хүргүүлэх.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар баригдаж байгаа барилгуудыг батлагдсан зургаар ажил гүйцэтгэж байгаа эсэхэд байнга хяналт тавин ажиллаж байна.
Үүрэг өгөгдсөнөөс хойшхи хугацаанд Клиникийн нэг, Баянзүрх дүүргийн гуравдугаар амаржих газрын шинээр баригдах барилга, нийслэлийн төвийн зургаан дүүргийн спорт цогцолбор, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилгын зургийн даалгаварт орчны тохижилтыг усан оргилууртайгаар тусгасан. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар цаашид хотын хэмжээнд ирэх онуудын хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөнд тодорхой бүс нутаг, хороолол, амралт зугаалгын газар, олон нийт, үйлчилгээний барилгуудын гадна, дотор талд тусгуулахаар төлөвлөөд байгаа бол нийслэлийн БХБТ-ийн газар хотын төв хэсэгт баригдах барилгын гадна талбай усан оргилуур барих боломжгүй тул бичил ногоон байгууламжтай байхаар зургийг хянах бодлого барьж байна. /Нийслэлийн хэмжээнд байгаа усан оргилуурын өнөөгийн байдлаар хүснэгтээр үзүүлэх/
Нэмэлт мэдээлэл: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим мэдээллийн аюулгүй байдлын хэрэгжилтийг нийслэлийн Мэдээллийн тенологийн газраас НЗДТГ-ын даргын баталсан удирдамжаар шалгасан дүн /Хүснэгтээр/
Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлын явцын тухай нийслэлийн Бүртгэлийн газраас ирүүлсэн мэдээлэл. /Хүснэгтээр үзүүлэх/
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний эхний хагас жилийн ирцийн нэгдсэн мэдээлэл. /Хүснэгтээр үзүүлэх/
Анхаарал тавьсанд баярлалаа.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС