2010.07.19 Даваа
Огноо: 2010-07-19 | Үүсгэсэн: 2010-07-19 03:47:21
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2010 ОНЫ 7 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯРЫН ӨГСӨН ҮҮРЭГ
НЭГ. Монгол улсын Засгийн Газрын 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй хангуулахад онцгой анхаарч хүч, нөөц бололцоогоо чиглүүлж ажиллах. Хот, дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг газар дээр нь танилцаж, комиссоо хуралдуулах.
ХОЁР. Төсвийн ерөнхий менежерүүд төсвийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтийн явц, байгууллагынхаа эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг авч хэлэлцэн цаашдын зорилтоо тодорхойлох.
ГУРАВ. Энэ оны төсвийн тодотгол нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар батлагдсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргаас эрх нь шилжсэн хөрөнгө оруулалтын ажлыг дүүргийн Засаг дарга, агентлаг, харъяа газрын дарга нар шуурхай гүйцэтгэх. Инженерийн шийдэл бүхий хөрөнгө оруулалтын ажлыг хот хариуцан гүйцэтгэнэ. Эрх шилжсэн бусад ажлыг дүүрэг, агентлаг, харъяа газрууд хугацаанд нь, чанартай гүйцэтгэхэд нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын зөвлөлгөөг тухай бүр авч байх, ажлын явцыг нийслэлийн Засаг даргын орлогч нарт танилцуулах. Дүүргүүд төсвөө шинэчлэн батлах.
ДӨРӨВ. Үер, усны аюулаас сэрэмжлэх, үүссэн нөхцөл байдлын үед шуурхай арга хэмжээ авахад дүүрэг, агентлаг, харъяа газар, байгууллага, аж ахуйн нэгжүүд байнгын бэлэн байдалд байх. Дүүргүүд үер усны зам дагуу зөвшөөрөлгүй суурьшсан өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах.
ТАВ. Хүй долоон худагт зохион байгуулагдах төвийн бүсийн “Их хурд” хурдан морины уралдааны үйлчилгээг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн нар хариуцах. Ерөнхий удирдлага зохицуулалтаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ц.Болдсайхан хангаж ажиллах.
ЗУРГАА. Хөрөнгө оруулалтын ажил, ялангуяа нийгмийн салбаруудын засвар, өргөтгөл шинэтгэлийн ажлыг 8 дугаар сарын 25-ны дотор бүрэн дуусгасан байх. Томоохон хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг Б.Мөнхбаатар дарга ажил нэг бүрээр авч үзэж газар чөлөөлөлт, зураг төсөл зохиолт зэрэгт оролцогч байгууллагын удирдлагуудтай 7 хоног тутамд шуурхай хийж байх. Улаанбаатар хотын Ерөнхий инженер Ц.Ганхүү, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг Хотын даргын өмнө бүрэн хариуцах.
ДОЛОО. “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” нийслэлийн Засаг даргын 2010 оны 368 дугаар захирамжийг хэрэгжүүлж Чингэлтэй , Сүхбаатар, Баянгол дүүргийн зарим хорооны өрхүүдэд шахмал түлш хэрэглэх сурталчилгааг сайтар хийх, дээрх хороодын өрхүүд түүхий нүүрс татан авахгүй байхыг тухайн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Агаарын чанарын алба гардан хариуцах. Энэ үүргийн биелэлтийн явцыг шалган дүгнэлт гаргаж нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд, нэр бүхий 3 дүүргийн Засаг дарга, Агаарын чанарын албаны дарга нар Нийслэлийн Засаг даргад танилцуулах.
НАЙМ. Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга мэргэжлийн комиссуудын ажлыг авч үзэн шинэ барилга бүрийн орчны тохижилтыг усан оргилууртайгаар төлөвлөн зураг батлуулан ажил гүйцэтгэх тухай мэдээллийг төсөл зохиогч, захиалагч нарт яаралтай хүргүүлэх.
2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр