2010.07.19 Даваа
Огноо: 2010-07-19 | Үүсгэсэн: 2010-07-19 03:45:37
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ 2010 ОНЫ 7 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРЫН БИЕЛЭЛТИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ
2010.07.19
НЭГ. Байгууллага бүр 2010 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 9.00 цагаас 14-ний өдрийн 9.00 цаг хүртэл хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулах.
Биелэлт: Дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороод, агентлаг, харьяа газрууд хариуцлагатай жижүүрийг дээрх хугацаанд ажиллуулсан байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хариуцлагатай жижүүрээр хэлтсийн дарга, зарим агентлагын дарга нарыг томилгоожуулан ажиллууллаа. Баярын үеэр жижүүрүүд үүргээ хангалттай гүйцэтгэсэн.
ХОЁР. Нийслэлийн хэмжээнд хэрэглээний халуун, хүйтэн ус, цахилгаанаар айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг тасалдалгүй хангах бэлтгэл зохион байгуулалтыг сайтар хийх.
Биелэлт: Хотын ерөнхий менежер “Инженерийн хангамжийн тухай” 2010 оны А/97 тоот тушаал гаргаж инженерийн хангамжийн нийт байгууллагуудад хүргүүлсний дагуу мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа зохицуулан хариуцлагатай жижүүр, засвар үйлчилгээний нэмэгдэл бригад, засварчид ажиллуулсан байна.
Бичил 6-р хороолол орчимд улсын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа дулааны шугамын ажлаас шалтгаалан уг хорооллын өрхүүдийг халуун усаар хангаагүй, харин бусад байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцны хороололд халуун, хүйтэн усны хангамж хэвийн байсан.
Борооны улмаас цахилгааны трансматор шатсан, трансматорын тосыг хулгайлснаас зарим орон сууц, гэр хороололд цахилгааны тасалдал гарсныг 1-5 цагийн дотор багтаан засварлаж хэвийн байдалд оруулжээ. Нийслэлийн хэмжээнд халуун, хүйтэн ус, цахилгааны графикт таслалт хийгдээгүй болно.
ГУРАВ. Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, батлагдсан чиглэлийн дагуу нийтийн тээврийн хэрэгслэлийг түгжрэл сааталгүй явуулах,зуслан, төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, хотын төвийн хэсэгт нийтийн тээврийн үйлчилгээнд графикийн биелэлтийг сахиулах, үйлчилгээний чиглэлийг наадамчдад сурталчилахад Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газрууд анхаарах.
Биелэлт: Нийтийн тээврээр үйлчилдэг компаниудын захирлуудад наадмын үеийн үйлчилгээний төлөвлөлт, зохицуулалтыг танилцуулан маршрутын хуваарийг баталж өгсөн. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт диспетчирийн хяналтын 2 цэг шинээр ажиллуулсан. 68 чиглэлд 3316 тээврийн хэрэгслэл ажиллахаар төлөвлөснөөс 3115 буюу 93,9 хувь нь үйлчиллээ.
Ойн баяр наадмын үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт зохицуулалтын төлөвлөгөө, схем зургийг гарган батлуулж, хүн хүч, техник хэрэгслэлийг 4 чиглэлээр хуваарилан ажиллуулсан. Замын цагдаагийн албаны 444 офицер, цагдаа-зохицуулагч, энгийн алба хаагч нар 56 автомашин, 2 автобустайгаар ажиллан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, батлагдсан чиглэлийн дагуу нийтийн тээврийн хэрэгслэлийг түгжрэл сааталгүй явуулсны дээр зайлшгүй шаардлагатай 264 м2 замын хэвтээ тэмдэглэлийг шинэчлэн хийлгүүлж, замын тэмдэг 298-ыг түр байрлууллаа.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын нөхцөл байдлын талаарх мэдээллийг байнга өгч байсныг Авто радио 96,3-аар жолооч нарт шуурхай хүргэсэн.
ДӨРӨВ. Наадмын үеэр айлууд зусланд гарсан, баяр ёслолд оролцох болон хот орчимд агаар салхинд гарснаас орон гэр нь эзгүүрдэг учир дүүрэг, хороод нутаг дэвсгэртээ иргэдийн эргүүл ажиллуулж хулгайгаас сэрэмжлэх, улмаар Цагдаа, Онцгой байдлын хэлтсүүд морин болон завьт эргүүл гарган гал, усны аюул, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
Биелэлт: Нийслэлийн Аврах отрядын эрэн хайх, аврах 2 бүлгийн 12 аврагч, нийслэлийн Цагдаагийн газраас ээлжийн 2 цагдаа Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл Туул голын эрэг орчмоор завьтай эргүүлээр ажиллаж 350 гаруй иргэнд аюулгүй байдлын анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, 1900 ширхэг санамж бичиг тараасан ба голын эргийн сайр, салаа, ногоон бүсэд зогссон байсан 250 орчим автомашиныг тухайн байршлаас холдуулжээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан хэдий ч хяналтын бүсийн гадна усанд живж хүний амь эрсэдсэн байна.
Дүүрэг, хороод жижүүр ажиллуулж, мөн олон нийтийн байцаагч, иргэдийн эргүүлийг хэсэг бүрт 3-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулсны дээр зуслан бүхий дүүргүүд зуслангийн чиглэлд морьт болон мотоцикльт эргүүл гаргасан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг телевиз, хэвлэл мэдээллээр удаа дараа явууллаа.
ТАВ. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт гаргах хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээнд үйлдвэрлэгчид болон аж ахуйн нэгжүүдийг ажиллуулахыг дүүргийн Засаг дарга нар, хүнсний аюулгүй байдалд байнгын хяналт тавихыг нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтэс гардан хариуцах.
Биелэлт: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хүнсний худалдаа үйлчилгээ явуулах иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулсаны дээр Хүй долоон худагт лаборатори ажиллуулж хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээ хийсэн. Хяналтын ажлын хүрээнд лабораториор болон мэдрэхүйн үзүүлэлтээр бүтээгдэхүүний чанарыг шалгаж гэрээр хийсэн, хоносон хоол, хуушуур нийт 2,613,000 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна. Мөн Хүй долоон худагт тавигдсан ус нөөцлөх 4 савны халдваргүйжүүлэлт, усны хадгалалт хамгаалалтад байнга хяналт тавьж ажиллажээ.
Дүүргүүд баярын өдрүүдэд нийт 950 цэгт худалдаа, үйлчилгээ гаргасан бөгөөд энэ жил аж ахуйн нэгжүүдээр хөгжөөнт тэмцээнийг наадамчдын дунд явуулсан, олон улсын стандартад нийцсэн түргэн хоолны явуулын цэгийн үйлчилгээ гаргасан, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан “Хяналт тавих” удирдамжийг мөрдөж ажилласан, үйлчилгээ явуулах схем, зургийг урьдчилан гаргаж цэгүүдийг байршуулсан зэрэг олон зүйлийг санаачилсан, хэвшүүлсний үр дүнд наадамчдад соёлтой, хүртээмжтэй үйлчилж, улмаар энэ жилийн наадмын хоол хүнс, ундны уснаас ямар нэг хордлого, халдвар гараагүй байна.
ЗУРГАА. Баяр наадам, нийтийг хамарсан арга хэмжээ явагдах газруудад нийтийн бие засах газар, био жорлонгийн тоог нэмэгдүүлэх, хогийн түр савууд байрлуулах, төвлөрсөн арга хэмжээний завсарлагын үеэр болон дууссаны дараа цэвэрлэгээг шуурхай хийлгэж байхыг Захирагчийн ажлын алба хариуцах.
Биелэлт: Хот тохижилтын газар нийтийн бие засах био “оо”-ийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 30, Шагай сурын талбайд 14, Хүй долоон худагт 17-г байрлуулан нийтэд үйлчилсэн. Хүй долоон худагт шуурхай ажлын бригад ажиллуулсан байна. Дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компанид 60 ширхэг хогийн сав өгч хариуцсан талбайд нь байрлуулжээ. .
ДОЛОО. Баяр наадмын өдрүүдэд дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шийдвэрлэх тоглолтууд явагдах, мөн төв талбайд “Улаанбаатарын үдэш” цэнгүүн зохион байгуулагдах зэрэг олон арга хэмжээ давхцах учир дэг журам сахиулах, үйлчилгээг наадамчиддаа соёлтой, хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр хүргэхэд байгууллагууд чиглэл, чиглэлээрээ анхаарч ажиллах.
Биелэлт: Нийслэлийн Цагдаагийн газар баярын өдрүүдэд давхардсан тоогоор гудамж талбай, олон нийтийн газарт 1703 офицер, 2787 цагдаа, баяр наадмын хэв журмын хамгаалалтанд 1870 алба хаагч, 392 автомашин, 4 мотоцикльтойгоор үүрэг гүйцэтгэж хэв журмын зөрчил гаргасан 1388 хүнийг 5,785,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна. Мөн 641 хүнийг эрүүлжүүлж, жижгээр танхайрсан 13 хүнийг шүүхээр баривчлуулжээ.
Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон морь барианы газарт тусгайлан хувцасласан 6 морьт, 2 ролькт, мөн хөл бөмбөг үзэхэд зориулж барьсан ил задгай талбайн орчимд эргүүл гарган ажиллуулсан.
Төв талбайд зохион байгуулсан Улаанбаатарын үдэш цэнгүүний үеэр хэв журмын ямар нэг зөрчил гараагүй болно. Наадмын үеийн хэв журмын болон замын хамгаалалтыг батлагдсан төлөвлөгөө, зураглалын дагуу явуулсан байна.
НАЙМ. Наадмын өмнө гудамж, талбайн гэрэлтүүлэгийг нэмэгдүүлэх, гэрлэн чимэглэл шинээр тавих ажлыг хариуцдаг гурван компаниар гүйцэтгүүлэх.
Биелэлт: Захирагчийн ажлын алба хотын төвийн гудамж талбай, гэрлийн шонг бүрэн чимэглэсэн ба нийтийн эзэмшлийн гудамжны гэрэлтүүлгийн асалтыг 95.0 хувьд хүргэсэн байна.
Дүүргүүд гудамжны гэрэлтүүлгийн асалтын байдалд үзлэг хийн хариуцсан компанид захиалга өгч засварлуулсны гадна цэцгийн мандал, усан оргилуурын гадна, дотор гэрлэн чимэглэлүүд хийжээ. Жишээлбэл: Чингэлтэй дүүрэг Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд, Баянзүрх дүүрэг сансарын түнелийн дээр, Баянгол дүүрэг Ард Аюушийн өргөн чөлөөнд, Сонгинохайрхан дүүрэг Өнөр хорооллын 3 дугаар үйлчилгээний төвийн урд гэх мэт...
ЕС. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат баруун дөрвөн замын хойт уулзварын авто замын хөдөлгөөнийг нээлгэх талаар холбогдох хүмүүстэй нь ярилцах.
Биелэлт: Хотын ерөнхий менежер Ч.Бат уг замд ажил гүйцэтгэж байгаа компаниудын удирдлагуудтай уулзаж ярилцсан байна. Замын зүүн хэсгээр барилгажилт ихтэйгээс сувгаас гарсан шороог зам дээр асгах, дулааны шугамын хуучин хоолой, сувгийн хийцүүдийг зам дээр тавихаас өөр аргагүйгээс болж хаагдсан, түүнчлэн дулааны шугамны гол хийц болох үл хөдлөх тулгуурууд, төмөр бетон хийцүүдийн чанарыг алдагдуулахгүй байх, зам дээр тавигдсан зүйлсийг зөөж нэмэлт зардал гаргахгүйн тулд уг замыг баярын үеэр нээх боломжгүй болсон. Харин дулааны шугамын ажлыг технологийн дагуу, богино хугацаанд гүйцэтгэн энэ оны 7 сарын 30-ны дотор дуусгахаар тогтжээ.
Замын цагдаагийн газар Чоймболын гудамжаар замын хөдөлгөөний зохицуулалтыг үргэлжлүүлэн хийж байна.
АРАВ. Согтуугаар автомашин жолоодохгүй байх анхааруулга, энэ сарын 09-ний өдөр цэцгийн баяр болох талаар сурталчилгаа, мэдээллийг хэвлэлийнхэн иргэдэд өгөх.
Биелэлт: Замын цагдаагийн газар “Согтуу” нэгдсэн арга хэмжээг 7 сарын 2,3,7,8-ны өдрүүдэд хэсэгчлэн зохион байгуулж 128 жолоочийг согтуугаар тээврийн хэрэгслэл жолоодсоныг илрүүлэн, холбогдох хуулийн заалтын дагуу арга хэмжээ авсан байна. Баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зам тээврийн 33 хэрэг бүртгэгдэн, 58 хүн гэмтэж бэртжээ.
Дүүргүүд цэцгийн баярыг тус бүрдээ сайн зохион байгуулсныг дүрсжүүлсэн зургаар үзүүлнэ. Цэцгийн баяр нэг удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдалгүй цаашид үргэлжилж байна. Тухайлбал: Багахангай дүүрэг цэцэг тарих 45 хоногийн болзолт уралдаан зарласан, Сүхбаатар дүүрэг тасалгааны олон наст цэцэг худалдаалах цэгүүдийг бий болгосон, зарим дүүрэг цэцэгчин иргэдээ шалгаруулан шагнаж байгаа зэрэг ажлын сайн эхлэлийг дурьдаж болно.
АРВАННЭГ. Онцгой байдлын газар үерийн аюулаас сэрэмжлэх тухай албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллах.
Биелэлт: Үер, усны аюулын үед нийслэлийн Онцгой байдлын газраас гарч ажиллах ажлын хэсгийн томилгоо, хаягийн тодотголыг хийж бэлэн байдлыг хангасан.
Нийслэлийн хэмжээнд үерийн аюултай бүсэд суурьшсан 3441 өрхийн судалгааг шинэчлэн тодотгож, 3240 өрхөд мэдэгдэл, шаардлага хүргүүлснээс 7 дугаар сарын 15-ны байдлаар Хан-уул дүүрэг 6 өрхийг нүүлгэн шилжүүлээд байна.
Саяын орсон борооноор Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны намгийн орчим, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 3 дугаар гудамжны зарим айл үерт автсан, бохирын ус хальсныг тухайн дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж хэвийн байдалд орууллаа.
АРВАНХОЁР. Уяачдын наадмын бэлтгэл, зохион байгуулалтыг сайтар хангахыг холбогдох байгууллагууд, ялангуяа Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлаг, Цагдаа, Замын цагдаа, Нийтлэг үйлчилгээний газрууд хамтран гүйцэтгэх.
Биелэлт: Уяачдын наадмын бэлтгэл зохион байгуулалтыг үүрэг авсан нэр бүхий байгууллагууд болон нийслэлийн Мал эмнэлэгийн газар сайн зохион байгуулсан байна.
Нийслэлийн Соёл урлагийн газар Хүй долоон худагт “Соёлын наадам” зохион байгуулсан ба Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын тоглолтыг наадамчдад хүргэсэн.
АРВАНГУРАВ. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд шаардлагатай тохиолдолд холбоо мэдээлэл авч байх боломжийг удирдах ажилтнууд төдийгүй төрийн албан хаагчид хангаж гар утас нь нээлттэй, болзошгүй байдалд бэлэн байх.
Биелэлт: Удирдах ажилтнууд болон төрийн албан хаагчдыг болзошгүй байдалд бэлэн байлгахын тулд утасны жагсаалт, зуслангийн хаягийг шинэчлэн байгууллагын жижүүр, шуурхай мэдээллийн төвд өгсөн, УСУГ, ОСНААГ, Мал эмнэлэгийн газар зэрэг байгууллагууд зайлшгүй дуудагдах ажилтан, ажилчдаа гар утасны нэгжээр хангасан байна.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС