Нийслэл 2010 оны төсвийн тодотголоо батлууллаа
Огноо: 2010-07-16 | Үүсгэсэн: 2010-07-16 04:59:26
Өнөөдөр НИТХ-ын ээлжит 5 хуралдаан болж энэ хурлаар төлөөлөгчид Нийслэлийн 2010 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон 2009 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ хуралд нийт 45 төлөөлөгч оролцох байсан ч 28 нь ирж 62 хувийн ирцтэй хуралдаанаа эхлүүлсэн. Аажимдаа ирц 82 хувьд хүрсэн юм.
Эхний асуудлаарх илтгэлийг хотын дарга Г.Мөнхбаяр тавилаа. Гэхдээ мээрийг төсвийн тухай илтгэлээ танилцуулахаас өмнө НИТХ-ын төлөөлөгч Б. Ариунболд, Л. Эрхэмбаяр нар 2009 оны төсвийн гүйцэтгэлийг тавиулахгүй гэж улстөржөөд авсан. Нэгэнтээ аудит орсон асуудал түүнчлэн хөрөнгө оруулалтын урсгал зардлын задаргааг авч үзэх нь нээлттэй учир ээлжит бус чуулганаар ч ярилцаж болно гэж НИТХ-ын дарга Т. Билэгт тэдэнд хэлэв. Цаг алдаж, олон дахин хуралдах шаардлага байхгүй болохоор төлөөлөгчдөд нийслэлийн 2009 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл өгөхөөр болсон юм. Юуны өмнө 2009 онд төсвийн орлогын төлөвлөгөө 7,6 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна.
2009 онд орлого 115,1 тэрбум, зарлага 46,6 тэрбум, улсад төвлөрүүлэх орлого 62,7 тэрбум төгрөг байжээ. Төсвийн орлогын бүтцийн тухайд 90,4 хувийг татварын орлогоор, 9,3 хувийг татварын бус орлогоор үлдсэн 0,3 хувийг хөрөнгийн орлогоос бүрдүүлсэн байна. Төсвийн зарлагыг хувиар гаргавал зам засвар, арчилгааны зардалд 10,6 хувь, өндөр настан, оюутны унааны хөнгөлөлтөнд 23,5 хувь, хөрөнгө оруулалтад 32,1 хувь, хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээнд 6,4 хувь нийтийн ерөнхий үйлчилгээнд 27,4 хувийг зарцуулжээ. Нийслэлийн 2009 оны хөрөнгө оруулалтын хувьд Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 49,1 тэрбум төгрөгийн 263 хөтөлбөр төсөл барилга байгууламжийн ажил хийгдснийг хотын дарга дуулгав. Мөн 2009 оны төсвийн орлого 7,6 тэрбум төгрөгөөр давж биелснийг энэ жилийн хөрөнгө оруулалтын ажилд зарцуулахаар төлөвлөснөө хэллээ.
Энэ хөрөнгөөр хийх ажлаас нэрлэвэл гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд 300-н айл өрхийг түр суурьшуулах, дамжин өнгөрөх орон сууцны барилгыг эхлүүлэхэд 2,5 тэрбум төгрөг, Баянзүрх дүүргийн Төр захиргааны нэгдсэн байрны барилгын ажилд 2,5 тэрбум, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголд 400 сая төгрөг, орон сууцны хорооллын гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ өргөтгөх, шинэчлэхэд 831 сая төгрөг, Д. Сүхбаатар, Х. Чойбалсан нарын хөшөөг сэргээн засварлах, хүрлээр цутгах ажилд 900 сая төгрөг, Тусгаар тогтнолын талбайн тохижилтын ажилд 350 сая, “Усны барилга байгууламж” НӨҮГ-т далан сувгийн цэвэрлэгээний зориулалтаар экскаватор худалдан авахад 100 сая, Багахангай дүүргийн шинэ суурьшлын гэр хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангах, гудамж талбайн гэрэлтүүлгийн ажилд 50 сая төгрөг зарцуулахаар тус тус төлөвлөөд байна.
Харин 2010 оны төсвийн орлогын тухайд гэвэл хотын төсвийн орлого батлагдснаас 8,6 тэрбум төгрөг нэмэгдэнэ гэж тооцжээ. Төрийн албан хаагчдын цалин энэ оны 10 дугаар 1 нээс 30 хувиар нэмэгдэх болсонтой холбоотойгоор төрийн албан хаагчдаас төсөвт орох орлогыг 1,7 тэрбум төгрөгөөр, аж ахуйн нэгж байгуулагын ажиллагсдын цалин хөлснөөс олох орлогыг 3,0 тэрбум төгрөгөөр нийт 4,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхийг төсөвт суулгажээ. 2010 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудаас дурьдвал Эрхүүгийн гудамжны 0,7 км авто замын шинэчлэлт, Саппорагийн аюулгүйн тойргийн 0,4 км авто замын шинэчлэлт, 100 айлаас Сэлбэ голын гүүрний уулзвар хүртэл 840 метр авто зам, хорооллын доторхи авто замын засвар 4,1 км гэх мэтээр нийт 47,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна.
Мөн 2010 оны төсвийн орлого 6,0 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг танилцууллаа. 2011 онд шинээр хэрэгжүүлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөв, ТЭЗҮ боловсруулахад 1,2 тэрбум, иргэдийг үер усны гамшгаас хамгаалах зорилгоор үерийн барилга байгууламж барихад 600 сая төгрөг, Энхтайвны өргөн чөлөөний Ионсейн явган хүнд зориулсан нүхэн гарцын инженерийн шугам сүлжээний ажилд 91 сая, Улаанбаатар хотын хаягжилтын ажилд 100 сая, Нийслэлийн хүүхдийн төлөө газрын барилгын засварт 1 тэрбум төгрөг тус тус зарцуулах гэж буйг хэллээ. Мөн эдгээрээс гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр нийслэлийнхээ ард иргэдийн аюулгүй тайван амьдралын төлөө 112 сая төгрөгийг батлуулж байна. Цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын албыг бэхжүүлж морин болон нохойтой эргүүл ажиллуулахад энэ мөнгийг зарцуулна. Түүнчлэн хөрсний усыг ашиглах ТЭЗҮ боловсруулах, төсөл хэрэгжүүлэхэд 1 тэрбум төгрөг зарцуулахаар болж байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын барилга байгууламжууд гүний усыг ахуйн зориулалтаар хязгаартай ашигладаг болох юм. Угаасаа Улаанбаатар хот хөрсний усны нөөцтэй. Өнгөрсөн жилээс эхлэн усан оргилууруудыг хөрсний усаар ажиллуулж байгаа юм. Цаашлаад хотын баруун дүүрэг болон Яармагийн дэнж дээр баригдах орон сууцны барилгуудын усны хэрэглээг хөрсний усаар хангах ажил дээрх хөрөнгө оруулалтын хүрээнд шийдэгдэх юм. Энэ бол хотын дарга Г. Мөнхбаярын үед хийгдэх цоо шинэ ажил байх болно.
Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаярыг илтгэлээ танилцуулсны дараа асуулт хариулт өрнөж НИТХ-ын төлөөлөгчид 2010 оны төсвийн тодотголын төслийг баталлаа. Энэ онд нийслэл дээр дурдсан ажлуудыг хийхийн зэрэгцээ улсад 56,1 тэрбум төгрөг оруулахаар иргэдийн хурлаараа хэлэлцлээ.