2010.07.05 Даваа
Огноо: 2010-07-05 | Үүсгэсэн: 2010-07-05 05:57:50
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ 2010 ОНЫ 7 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
НЭГ. Байгууллага бүр 2010 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 9.00 цагаас 14-ний өдрийн 9.00 цаг хүртэл хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулах.
ХОЁР. Нийслэлийн хэмжээнд хэрэглээний халуун, хүйтэн ус, цахилгаанаар айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг тасалдалгүй хангах бэлтгэл зохион байгуулалтыг сайтар хийх.
ГУРАВ. Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, батлагдсан чиглэлийн дагуу нийтийн тээврийн хэрэгслэлийг түгжрэл сааталгүй явуулах,зуслан, төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, хотын төвийн хэсэгт нийтийн тээврийн үйлчилгээнд графикийн биелэлтийг сахиулах, үйлчилгээний чиглэлийг наадамчдад сурталчилахад Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газрууд анхаарах.
ДӨРӨВ. Наадмын үеэр айлууд зусланд гарсан, баяр ёслолд оролцох болон хот орчимд агаар салхинд гарснаас орон гэр нь эзгүүрдэг учир дүүрэг, хороод нутаг дэвсгэртээ иргэдийн эргүүл ажиллуулж хулгайгаас сэрэмжлэх, улмаар Цагдаа, Онцгой байдлын хэлтсүүд морин болон завьт эргүүл гарган гал, усны аюул, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
ТАВ. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт гаргах хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээнд үйлдвэрлэгчид болон аж ахуйн нэгжүүдийг ажиллуулахыг дүүргийн Засаг дарга нар, хүнсний аюулгүй байдалд байнгын хяналт тавихыг нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтэс гардан хариуцах.
ЗУРГАА. Баяр наадам, нийтийг хамарсан арга хэмжээ явагдах газруудад нийтийн бие засах газар, био жорлонгийн тоог нэмэгдүүлэх, хогийн түр савууд байрлуулах,төвлөрсөн арга хэмжээний завсарлагын үеэр болон дууссаны дараа цэвэрлэгээг шуурхай хийлгэж байхыг Захирагчийн ажлын алба хариуцах.
ДОЛОО. Баяр наадмын өдрүүдэд дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шийдвэрлэх тоглолтууд явагдах, мөн төв талбайд “Улаанбаатарын үдэш” цэнгүүн зохион байгуулагдах зэрэг олон арга хэмжээ давхцах учир дэг журам сахиулах, үйлчилгээг наадамчиддаа соёлтой, хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр хүргэхэд байгууллагууд чиглэл, чиглэлээрээ анхаарч ажиллах.
НАЙМ. Наадмын өмнө гудамж, талбайн гэрэлтүүлэгийг нэмэгдүүлэх, гэрлэн чимэглэл шинээр тавих ажлыг хариуцдаг гурван компани гүйцэтгэх.
ЕС. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат баруун дөрвөн замын хойт уулзварын авто замын хөдөлгөөнийг нээлгэх талаар холбогдох хүмүүстэй нь ярилцах.
АРАВ. Согтуугаар автомашин жолоодохгүй байх анхааруулга, энэ сарын 09-ний өдөр цэцгийн баяр болох талаар сурталчилгаа, мэдээллийг хэвлэлийнхэн иргэдэд өгөх.
АРВАННЭГ. Онцгой байдлын газар үерийн аюулаас сэрэмжлэх тухай албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллах.
АРВАНХОЁР. Уяачдын наадмын бэлтгэл, зохион байгуулалтыг сайтар хангахыг холбогдох байгууллагууд, ялангуяа Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлаг, Цагдаа, Замын цагдаа, Нийтлэг үйлчилгээний газрууд хамтран гүйцэтгэх.
АРВАНГУРАВ. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд шаардлагатай тохиолдолд холбоо мэдээлэл авч байх боломжийг удирдах ажилтнууд төдийгүй төрийн албан хаагч бүр хангаж гар утас нь нээлттэй, болзошгүй байдалд бэлэн байх.
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨНИЙ ДАРААЛАЛ
Шуурхай зөвлөлгөөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарьд” ордны хурлын танхимд 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 11.00 цагт болно.
Шуурхай зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр удирдан явуулна.
Зөвлөлгөөний дараалал:
НЭГ. Нийслэлийн удирдах ажилтнуудын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шуурхай зөвлөлгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр болон нийслэлийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл, 8-10 минут
Ш.Наран /НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга/
ХОЁР. Дүүргүүдэд тендерийн эрх нь шилжсэн хөрөнгө оруулалтын ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байгаа талаар Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалангийн мэдээлэл, 3-5 минут
ГУРАВ. Мөн дээрх чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдын мэдээлэл, 3-5 минут
ДӨРӨВ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярын бэлтгэл хангаж байгаа талаар доорх албан тушаалтнуудаас асууж танилцана. Үүнд:
1. Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягаас-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үйлчилгээний бэлтгэл ажлын талаар
2. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдоос- Хүй долоон худагт гарах бүх төрлийн үйлчилгээ, уяачдын наадмын бэлтгэл ажлын талаар
3. Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэнгээс- Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг хэрхэн явуулах талаар
4. Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгээс- Нийтийн тээврийн асуудалд хүндрэл байгаа эсэх
5. Замын цагдаагийн газрын дарга Х.Энхжаргалаас- Бүх төрлийн тээврийн хэрэгслэлийг түгжрэл сааталгүй явуулах ямар арга замыг эрэлхийлсэн, замын түгжрэл гарвал шуурхай ажиллагаа явуулахад бэлэн эсэх
6. Цагдаагийн газрын дарга С.Баатаржаваас- Бүх хүчээ наадам руу төвлөрүүлсэн энэ өдрүүдэд хороодын нутаг дэвсгэрт ямар хүн хүчний нөөц байгаа талаар
7. Соёл, урлагийн газрын дарга Ц.Пүрэвхүүгээс- Баяр наадмын хөтөлбөрт орсон арга хэмжээнүүдийг алдаа, дутагдал гаргалгүй явуулах зохион байгуулалт хийсэн эсэх
8. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Г.Төмөрбаатараас- Төв талбайд зохион байгуулагдах олон ажилд тус дүүргийн хариуцах ажлын талаар
9. Эрүүл мэндийн газрын дарга С.Туулаас- Наадмын өдрүүдэд түргэн тусламжийн дуудлагыг шуурхай барагдуулах, уяачдад эмнэлэгийн үйлчилгээг яаж үзүүлэх талаар
10. Ус сувгийн удирдах газрын дарга Б.Пүрэвжаваас- Гэр хороолол, зуслан, ус түгээх байрууд, Хүй долоон худагт ундны усыг тасалдалгүй хүргэх нөхцлийг хангасан талаар
11. Авто замын газрын дарга Д.Одоос- Замын засвар дуусаагүй ч бүх замуудыг түр нээж сул шороог нягтруулан тоосжилтгүй болгох, замын нөхөөсийг аль ч хэсэгт дуусгах, Хүй долоон худаг руу тавигдаж байгаа авто замыг ашиглалтад хүлээн авахад ямар нэг тулгамдсан асуудал байгаа эсэх
12. Онцгой байдлын газрын дарга Х.Батбилэгээс- Болзошгүй нөхцөл байдлын үед ажиллахад бие бүрэлдэхүүн бэлэн эсэх
13. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батаас- Дээр дарга нарын ярьсантай давхцуулахгүйгээр наадамтай холбоотой өөр ямар асуудал байгаа талаар
ТАВ. Нийслэлийн удирдлагууд болон зөвлөлгөөнд оролцогч албан тушаалтнуудаас асууж тодруулах, мэдээлэл авах, нийтэд холбогдолтой асуудлаар нэмэлт мэдээлэл хийх.
ЗУРГАА. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр ойрын үед хэрэгжүүлэх ажлаар үүрэг даалгавар өгч зөвлөлгөөнийг хаах.