2010.07.05 Даваа
Огноо: 2010-07-05 | Үүсгэсэн: 2010-07-05 05:56:41
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ
2010-07-05
НЭГ. Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн ЗДТГын Санхүү, төрийн сангийн хэлтэс хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил, түүний санхүүжилтийг салбар салбараар авч үзэн, тухай бүр гүйцэтгэлийг хянан санхүүжүүлж ажиллах.
Биелэлт: Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн байдлыг дүүргүүд долоо хоног тутам нэгтгэн мэдээлж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар сар бүр авч тооцож байна.
ХОЁР. Захирагчийн ажлын албаны холбогдох хэлтэс, нийслэлийн Байгаль хамгаалах газар Зуслангийн товчооны ажлыг идэвхжүүлэн жигдрүүлэх, дүүргийн Засаг дарга нар зуслангийн товчоодынхоо ажилтай танилцаж өнөөдөр энд яригдсан асуудлуудыг судалж шийдвэрлэх.
Биелэлт: Зуслан бүхий дүүргийн Засаг дарга нар зуслангийн товчоодынхоо ажлыг орлогч даргаараа ахлуулсан ажлын хэсэг гарган шалган танилцаад Захирагчийн ажлын алба, ажил хариуцсан мэргэжлийн байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан дүүрэг зусланд гарсан өрхийн тооноос хамааруулж усны суурин сав байрлуулсан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд ил задгай хогийг ачуулж, хогийн сав 8-ыг нөхөн, 9-ийг шинээр хийж тавьсан зэргээр асуудлуудыг шийдвэрлэжээ. Чингэлтэй дүүрэг зуслангийн хогийг дуудлагаар ачих туршилт хийж байна.
ГУРАВ. Энэ долоо хоногт нийслэлийн удирдлагууд алслагдсан гурван дүүрэгт ажиллахын зэрэгцээ хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай танилцана. Ажил танилцах үед нийслэлийн Хүүхдийн төлөө газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Ус сувгийн удирдах газар, Хот тохижилтын газрууд төлөөллөө байлцуулах. Хүүхдүүдийн орчны болон хүнсний аюулгүй байдлыг хангахад зуслангийн захиргаад онцгой анхаарах.
Биелэлт: Нийслэлийн удирдлагууд Налайх, Багахангай, Багануур дүүргүүдэд ажилласан.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Хүүхдийн төлөө газрын зарим удирдлага, холбогдох ажилтнууд хүүхдийн зуслангуудаар явж мэргэжлийн зөвлөлгөө өгсөн ба стандартын шаардлага хангаагүй Тэмүүлэл, Баянбулаг зуслангуудыг ажиллуулахгүйгээр шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар хүүхдийн аль нэг зуслангаас хүнсний аюулгүй байдал алдагдсан зөрчил илрээгүй. НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс Нарс зуслангийн ажилтай танилцсан.
ДӨРӨВ. Амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхийн 7-15 насны 500 хүүхдийг нийслэлийн төсөв болон Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зардлаар зусланд амраахаас эхний ээлжийн 140 хүүхэд амарч байна. Дараагийн ээлжинд амраах хүүхдүүдийг сонгож эрхийн бичиг олгохын зэрэгцээ Ц.Цогзолмаа дарга, дүүргийн Засаг дарга нар нутаг дэвсгэрийн хувийн хэвшлийн компаний захиралуудтай уулзаж тэдний санхүүгийн дэмжлэгтэйгээр зусланд хүүхэд нэмж амраах талаар ярилцаж шийдвэрлэх.
Биелэлт: Нийслэлийн төсөв болон Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зардлаар 500 хүүхэд зуслангийн эхний ээлжүүдээр амраад байна. Сонгинохайрхан, Баянгол, Налайх дүүргийн Засаг дарга нар нөөц сангаасаа болон ивээн тэтгэгчдийн зардлаар зусланд хүүхэд амраахаар болсон, харин бусад дүүргийн Засаг дарга нар энэ талаарх мэдээллийг одоогоор ирүүлээгүй байна.
ТАВ. Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд зарим шинэлэг хэлбэрийн ажлыг санаачилан хийх. Тухайлбал: 2010 оны 7 дугаар сарын 09-нд нийслэлийн хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор цэцгийн баяр, үзэсгэлэн зохион байгуулах.
Биелэлт:Энэ сарын 09-ний өдөр нийслэлийн хэмжээнд зохион байгуулах “Цэцгийн баяр- Цэцгийн мандал” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагаанд зориулан ЗАА хот тохижилтын бусад зардлаас дүүрэг бүрт 2.5 сая төгрөг олгожээ. Төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр Турк-Монголын найрамдлын цэцэрлэг, Жуулчны гудамж, Зүүн дөрвөн зам, Ажилчны алдар талбай, Төмөр замын дээд сургуулийн урд цэцэрлэг, Өнөр хорооллын Соёмбо кино театрын урд талбайд наадам, тусгаар тогтнол, нэг зүрх, дүүргийн 45 жил, хөл бөмбөг, дээлтэй монгол сэдвээр өдөрлөгүүд явагдахаар бэлтгэлийг хангаж байна. Налайх дүүрэг 12 бичил цэцэрлэгтээ цэцэг тарина.
Наадмаас өмнөх өдрүүдэд дүүргүүд албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх бүрийн гадна үүд, тагт, хашаа, цэцгийн мандалд цэцэг тариулах нийтийг хамарсан ажил зохион байгуулахыг зөвлөмж болгож байна.
ЗУРГАА. Баярын өмнөх болон баярын өдрүүдэд хэрэглээний халуун, хүйтэн ус, цахилгааны хязгаарлалт аль болохоор хийхгүй байхыг холбогдох газрууд анхаарах. Зайлшгүй хийх хязгаарлалтын хугацаа, байршлын талаар иргэд, олон нийтэд урьдчилан мэдэгдэх.
Биелэлт: Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Үндэсний их баяр наадмын үйлчилгээг зохион байгуулах тухай” 2010 оны 18 дугаар тушаал гаргаад байна. УБЦТС компани зуны засвар үйлчилгээний графикаа шинэчлэн 7 дугаар сарын 08-13-ны өдрүүдэд эрчим хүчний хязгаарлалтгүй болгосон, Ус сувгийг удирдах газар оройн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цагийн хооронд шугамын засвар үйлчилгээ хийж байснаа 7 дугаар сарын 03-ны өдрөөс түр зогсоожээ. Дээрх арга хэмжээнүүдийг авснаар хэрэглээний халуун, хүйтэн ус, цахилгааны хязгаарлалтгүй боллоо.
ДОЛОО. Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн өдрүүдэд зам тээврийн осол ихсэж байгаад нийслэлийн Нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газар дүгнэлт хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хөдөлгөөнд оролцогсдын соёлыг дээшлүүлэхэд чиглэгдсэн ажлыг эрчимжүүлэх. Бүрэн бус техникийн хэрэгслэлийг хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн газар хариуцан ажиллах.
Биелэлт: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг ноцтой хэргүүдийг шуурхай шалгах, шалтгааныг тогтоох, арилгуулах чиглэлээр Замын цагдаагийн газраас хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.Нийслэлийн хэмжээнд гарч байгаа осол, хэргийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх нэгдсэн болон хэсэгчилсэн үзлэг, шалгалтуудыг тогтмол явуулж байна. УБ-аас Налайх, Тэрэлжийн замд зам тээврийн осол, зөрчил багагүй гардаг учир 24 цагийн хяналттай болгожээ.
Замын цагдаагийн газар, нийслэлийн Татварын газар хамтран бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүйгээр үзлэг, оношлогоонд хамруулах ажлыг сүүлийн хоногуудад эрчимтэй явуулж байна.
Иргэдийн эрх ашгийн үүднээс Замын цагдаагийн газар, нийслэлийн Нийтийн тээврийн газар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, чиглэлүүдийн давхцлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн зарим чиглэл, тухайлбал бага оврын автобусны 28 чиглэлд өөрчлөлт орууллаа.
Баянзүрх дүүрэг мэргэжлийн байгууллагуудыг урьж дүүргийнхээ нутаг дэвсгэр дэх авто аж ахуй бүхий газруудад яриа таниулга хийлгэх, дүрмийн шалгалт авах, зөрчил гаргасан байгууллагад мэдэгдэл өгөх зэрэг ажлыг санаачилсан байна.
Авто замын зарим хэсгүүд эвдрэл гэмтэлтэй, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн хийгдээгүйгээс осол, зөрчил гарахад нөлөөлж байгаа хэдий ч үүрэг өгөгдсөнөөс хойш дээрх байдалтай холбоогүйгээр ноцтой осол нэг удаа гарсан, ослын тоо төдийлөн буурахгүй байгаад цаашид анхаарч ажиллах шаардлагатай.
НАЙМ. Үер, усны аюулаас сэргийлэх, ой, хээрийг түймрээс хамгаалах талаар өмнө өгөгдсөн үүргийг холбогдох байгууллагууд хэрэгжүүлэх. Цаг агаарын 7 дугаар сарын урьдчилсан мэдээг авч, бэлэн байдлыг хангаж ажиллах.
Биелэлт:Нийслэлийн Онцгой байдлын газар Ус цаг уурын хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээний дагуу цаг агаарын мэдээг өдөр бүр авч удирдлагыг мэдээллээр хангаж байна. Байгалын аюулт үзэгдэл болсон үед НОБГ-аас гарч ажиллах ажлын хэсгийн томилгоо, хаягийн тодотголыг аюулт үзэгдлийн төрөл бүрээр хийсний гадна үерийн бүсэд суурьшсан 3441 өрхийн судалгааг шинэчлэн, 3240 өрхөд 1-3 удаа мэдэгдэх хуудас өгсөн ч хэдхэн өрх үерийн бүсээс нүүжээ. Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, сурталчилгааг мэдээллийн хэрэгслээр 61 удаагийн давтамжтайгаар нийтлүүлсэн болон дамжуулсан байна.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд үер, усны аюул, гал түймрээс хамгаалах талаар нилээдгүй ажил зохион байгуулж байгаагийн дотор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс үерт автаж болзошгүй газрын ойр гэртэй, элс байнга тээвэрлэдэг жолооч нартай үер болсон үед элсийг нь авч байх гэрээ байгуулсан, тэрхүү элсийг хийх шуудайг хэлтэс дээрээ нөөцөлсөн, Баянгол дүүргийн Засаг дарга нөөц хөрөнгөөсөө хоёр сая төгрөг гарган далан, сувгийн цэвэрлэгээг бүрэн хийж, зарим хэсгийг засварласан зэрэг бусдад санаа болохуйц ажлууд хийгджээ.
Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх тухай нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрууд шалгасан.Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бардайн аманд 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гарсан түймрийг тэр даруйд нь унтраасан байна.
ЕС. Дүүрэг, агентлаг, харъяа газрууд хаврын тохижилтын ажлаа ойрын өдрүүдэд дуусгах. Тохижилтоор хийгдсэн байгууламжуудыг эзэнжүүлэх, ашиглалт хамгаалалтыг сайжруулахад анхаарах. Ургаагүй мод, бут, сөөгийг авч, намар нөхөн суулгах бэлтгэлийг хангах.
Биелэлт: Захирагчийн ажлын алба нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Махатма Гандигийн гудамж, Д.Сүхбаатарын төрсөн газар, алдарт эх Норжмаагийн хөшөө зэрэг газруудад тохижилтоор хийсэн ажлыг актаар хүлээлцсэн байна. Дутуу хийгдсэн ажил бүрийг дуусгах хугацаа заасан албан бичгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер холбогдох газруудад хүргүүлжээ.
НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, ЗАА-ны Хот, нийтийн аж ахуйн хэлтэс, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Авто замын газар хамтран энэ онд хөрөнгө оруулалтаар хийгдэж дууссан ажлын жагсаалтыг нэгбүрчлэн гаргаж, гүйцэтгэлийг газар дээр нь танилцаж дүрсжүүлэн зураг авалт хийсэн болно.
Дүүргүүд явган хүний алаг чулуун хавтан зам, жалгын дээгүүр гүүр тавих, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт хийх, цэцгийн мандал, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур байгуулахаар тохижилтын төлөвлөгөөнд тусгасан ажлуудаа өөрийн болон хандивийн хөрөнгөөр хийж үндсэнд нь дуусгажээ. Түүнчлэн Ерөнхий менежерийн өгсөн үүргийн дагуу ургаагүй мод, бут, сөөгийг зайлуулсан байна.
АРАВ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн амралт эхэлсэн. Иймд төсөвт газрууд, ялангуяа сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоодын засварын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх. Хичээлийн жил эхлэхэд бүх засвар, үйлчилгээний ажил дууссан байхаар зохион байгуулах.
Биелэлт: Нийслэлийн боловсролын салбарт 2010 онд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж, их засварын ажлын жагсаалтыг эмхэтгэн гаргаж нийтэд мэдээлсэн. 2010 оны 7 дугаар сарын 01-ний байдлаар сургууль, цэцэрлэгүүдийн хэсэгчилсэн болон их засварын ажил улсын төсөв, бусад эх үүсвэрээр хугацаандаа эхэлж таван байгууллага гэрээ хийх шатандаа, дөрвөн байгууллага ажлаа дуусгаж хүлээлгэн өгөөд байна. Хичээлийн жил эхлэхэд засвар, үйлчилгээний ажлыг дуусгасан байх графиктай.
Орон сууцны байруудад улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа дээврийн их засварын ажлаас 8 нь дуусч, 25 нь хийгдэж байна. Сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгөөр 3982 м2 талбайд дээврийн их засвар, 23147 м2 талбайд хэсэгчилсэн засвар, 4572 уртааш метр талбайд заагийн цанталтаас хамгаалах нөхөлт, 96 орц, 195 лифтэнд засвар хийж, халаалтын 5082 уртааш метр, цахилгааны 5397 уртааш метр шугам сольж байна.
АРВАННЭГ. Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар / концессын хуульд нийцүүлэн/ дүүрэг, агентлаг, харьяа газрууд саналаа энэ оны 7 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн Өмчийн харилцааны газарт ирүүлэх.
Биелэлт: Концессын зүйлийн жагсаалтыг дүүрэг, харъяа газар, агентлагуудаар гаргуулан нэгтгэж энэ оны 6 дугаар сард Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд зөвлөлийн зарим гишүүдийн өгсөн чиглэлийн дагуу дахин санал авсныг Өмчийн харилцааны газар судалж, танилцуулга бэлтгэж байна.
АРВАНХОЁР. Эргэн төлөгдөх нөхцлөөр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэгч компаний удирдлагатай энэ долоо хоногт Хөрөнгө оруулалтын газар, Авто замын газрын удирдлага уулзаж ярилцах. Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨУҮГ-ын /Харгиа/ үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Б.Инжиннаш захирал, орон сууцны лифтийн засвар, үйлчилгээнд зарцуулах зардлыг Ч.Бат менежер, хорооны цогцолборууд барих ажлыг бүрэн дуусгахад хэдий хэмжээний хөрөнгө гарахыг нийслэлийн ЗДТГ хариуцан тооцож танилцуулах, хороодын цогцолбор барих газрын асуудлыг шийдвэрлэх.
Биелэлт: Улаанбаатар хотын авто замыг эргэн төлөгдөх нөхцлөөр хийж байгаа гүйцэтгэгч болон энэхүү нөхцлөөр цаашид тендерт оролцохыг хүссэн компаний удирдлагуудтай Захирагчийн ажлын алба, Авто замын газар уулзалт, ажил төрлийн ярилцлага хийж, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатарыг урьж оролцуулсан байна. Урьдчилан цэвэрлэх байгууламж /НӨУҮГ/-ид шинэчлэлт хийх зураг төсөл, төсвийг хийж нийслэлийн Засаг даргын албан бичгийн хамт Сангийн яаманд хүргүүлсэн. Хотын орон сууцуудын 229 лифтэнд их засвар хийх буюу солих шаардлагатай гэсэн судалгаа, дүгнэлтэд үндэслэн нийт зардлыг тооцож байна.
АРВАНГУРАВ. Дүүргийн Засаг дарга нар тендерийн эрх нь шилжсэн хөрөнгө оруулалтын ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах. Дараагийн шуурхай дээр зарим дүүргийн Засаг даргын мэдээллийг энэ чиглэлээр сонсох.
Биелэлт: Дүүргүүд эрх шилжсэн багц ажлуудаа үнийн дүнгээр нэгбүрчлэн тооцож бүрэн хийгдсэн, гэрээний дагуу хийгдэж байгаа, тендер нь зарлагдсан, тендер зарлах болон үнэлгээний шатандаа гэсэн үечлэлээр авч үзсэн байна. Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар энэ талаар мэдээлэл хийнэ.
Анхаарал тавьсанд баярлалаа.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС