2010.06.21
Огноо: 2010-06-21 | Үүсгэсэн: 2010-06-21 21:53:56
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
НЭГ. Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн ЗДТГын Санхүү, төрийн сангийн хэлтэс хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил, түүний санхүүжилтийг салбар салбараар авч үзэн, тухай бүр гүйцэтгэлийг хянан санхүүжүүлж ажиллах.
ХОЁР. Захирагчийн ажлын албаны холбогдох хэлтэс, нийслэлийн Байгаль хамгаалах газар Зуслангийн товчооны ажлыг идэвхжүүлэн жигдрүүлэх, дүүргийн Засаг дарга нар зуслангийн товчоодынхоо ажилтай танилцаж өнөөдөр энд яригдсан асуудлуудыг судалж шийдвэрлэх.
ГУРАВ. Энэ долоо хоногт нийслэлийн удирдлагууд алслагдсан гурван дүүрэгт ажиллахын зэрэгцээ хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай танилцана. Ажил танилцах үед нийслэлийн Хүүхдийн төлөө газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Ус сувгийн удирдах газар, Хот тохижилтын газрууд төлөөллөө байлцуулах. Хүүхдүүдийн орчны болон хүнсний аюулгүй байдлыг хангахад зуслангийн захиргаад онцгой анхаарах.
ДӨРӨВ. Амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхийн 7-15 насны 500 хүүхдийг нийслэлийн төсөв болон Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зардлаар зусланд амраахаас эхний ээлжийн 140 хүүхэд амарч байна. Дараагийн ээлжинд амраах хүүхдүүдийг сонгож эрхийн бичиг олгохын зэрэгцээ Ц.Цогзолмаа дарга, дүүргийн Засаг дарга нар нутаг дэвсгэрийн хувийн хэвшлийн компаний захиралуудтай уулзаж тэдний санхүүгийн дэмжлэгтэйгээр зусланд хүүхэд нэмж амраах талаар ярилцаж шийдвэрлэх.
ТАВ. Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд зарим шинэлэг хэлбэрийн ажлыг санаачилан хийх. Тухайлбал: 2010 оны 7 дугаар сарын 09-нд нийслэлийн хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор цэцгийн баяр, үзэсгэлэн зохион байгуулах.
ЗУРГАА. Баярын өмнөх болон баярын өдрүүдэд хэрэглээний халуун, хүйтэн ус, цахилгааны хязгаарлалт аль болохоор хийхгүй байхыг холбогдох газрууд анхаарах. Зайлшгүй хийх хязгаарлалтын хугацаа, байршлын талаар иргэд, олон нийтэд урьдчилан мэдэгдэх.
ДОЛОО. Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн өдрүүдэд зам тээврийн осол ихсэж байгаад нийслэлийн Нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газар дүгнэлт хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хөдөлгөөнд оролцогсдын соёлыг дээшлүүлэхэд чиглэгдсэн ажлыг эрчимжүүлэх. Бүрэн бус техникийн хэрэгслэлийг хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн газар хариуцан ажиллах.
НАЙМ. Үер, усны аюулаас сэргийлэх, ой, хээрийг түймрээс хамгаалах талаар өмнө өгөгдсөн үүргийг холбогдох байгууллагууд хэрэгжүүлэх. Цаг агаарын 7 дугаар сарын урьдчилсан мэдээг авч, бэлэн байдлыг хангаж ажиллах.
ЕС. Дүүрэг, агентлаг, харъяа газрууд хаврын тохижилтын ажлаа ойрын өдрүүдэд дуусгах. Тохижилтоор хийгдсэн байгууламжуудыг эзэнжүүлэх, ашиглалт хамгаалалтыг сайжруулахад анхаарах. Ургаагүй мод, бут, сөөгийг авч, намар нөхөн суулгах бэлтгэлийг хангах.
АРАВ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн амралт эхэлсэн. Иймд төсөвт газрууд, ялангуяа сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоодын засварын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх. Хичээлийн жил эхлэхэд бүх засвар, үйлчилгээний ажил дууссан байхаар зохион байгуулах.
АРВАННЭГ. Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар / концессын хуульд нийцүүлэн/ дүүрэг, агентлаг, харьяа газрууд саналаа энэ оны 7 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн Өмчийн харилцааны газарт ирүүлэх.
АРВАНХОЁР. Эргэн төлөгдөх нөхцлөөр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэгч компаний удирдлагатай энэ долоо хоногт Хөрөнгө оруулалтын газар, Авто замын газрын удирдлага уулзаж ярилцах.
Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨУҮГ-ын /Харгиа/ үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Б.Инжиннаш захирал, орон сууцны лифтийн засвар, үйлчилгээнд зарцуулах зардлыг Ч.Бат менежер, хорооны цогцолборууд барих ажлыг бүрэн дуусгахад хэдий хэмжээний хөрөнгө гарахыг нийслэлийн ЗДТГ хариуцан тооцож танилцуулах, хороодын цогцолбор барих газрын асуудлыг шийдвэрлэх.
АРВАНГУРАВ. Дүүргийн Засаг дарга нар тендерийн эрх нь шилжсэн хөрөнгө оруулалтын ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах. Дараагийн шуурхай дээр зарим дүүргийн Засаг даргын мэдээллийг энэ чиглэлээр сонсох.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС