Нүүр хуудас » Энэ сард » Албан даалгавар » Ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх тухай
Ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх тухайОгноо: 2010-05-02 | Үүсгэсэн: 2010-05-02 21:27:29Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 14.1.11 дэх заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйл, Засгийн газрын 1999 оны “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоол, “Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймэртэй тэмцэх материаллаг баазыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай” 219 дүгээр тогтоол, 2001 оны “Ой хээрийн түймрээс хамгаалах хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 98 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх ажлыг эрчимжүүлэх” тухай 01 дүгээр албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг үндэслэн ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх зорилгоор ДААЛГАХ нь: 1. Дүүргийн Засаг дарга /дүүргийн Онцгой комиссын дарга/ нарт: 1.1. Дүүргийн ногоон бүсийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хороодод ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит үзлэг явуулж, тодорхой үр дүнтэй, шинэлэг ажил зохион байгуулан хэрэгжүүлж байнгын удирдлагаар ханган ажиллах. 1.2. Энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд нийслэл орчмын ногоон бүсэд байгалийн дагалт баялгийг ашиглах зорилгоор зорчих, амралт зугаалга, аялал зохион байгуулах, галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох арга хэмжээ авах. 1.3. Байгаль хамгаалах газар, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаагаар түймэрт өртсөн ойн экологийн хохирлыг холбогдох журмын дагуу үнэн зөв тогтоолгож, түймрийн голомтыг шуурхай илрүүлж мэдээлэх, унтраах ажиллагааг удирдан зохион байгуулах 1.4. Ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, ойд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг ойн түймэртэй тэмцэх сургалтанд хамруулж, ойн түймэр унтраах ажиллагаанд оролцуулан зохион байгуулалтын арга хэмжээ авах, хөл хөдөлгөөн ихтэй, онцгой анхаарах газруудад нутгийн иргэдээс урамшуулалтай морин эргүүлийг 4 дүгээр сарын 26, 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатайгаар тусгай хуваарь гарган үүрэг гүйцэтгүүлж байнгын хяналт тавьж ажиллах. 1.5. Ой, хээрийн түймэр гарч болзошгүй нутаг дэвсгэрийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хуваарилан хариуцуулж, түймэр гарсан үед эхний ээлжинд гарч ажиллах хүн хүч, машин техник, аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалтыг шинэчлэн баталгаажуулж, тэдгээрийн үүрэг гүйцэтгэх чадавхи, бэлэн байдлыг дээшлүүлэх арга хэмжээг авах. 1.6. Хил залгаа нутаг дэвсгэрийн сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргатай “Түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, харилцан ажиллах төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж мөрдөн ажиллах. 1.7. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ойн түймэртэй тэмцэх, хүч хэрэгслийг тодотгон шаардагдах шатах тослох материал, хоол хүнс, гал унтраах багаж, хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд дүүргийн “Гамшгийн аюулгүйн сан”-гаас тодорхой хэмжээний хөрөнгө төлөвлөн, зарцуулж, түүний үр дүнг тооцож ажиллах. 1.8. Ой, хээрийн түймэр унтраах зориулалттай багаж хэрэгслийг /рло, үлээгч аппарат, тросон шүүр, цохиур, хүрз, хөрөө, сүх/ гэх мэт нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж байгууллагаар бэлтгүүлэн, шаардлагатай газруудад төвлөрүүлэн байршуулах. Хоёр. Нийслэлийн Онцгой байдлын газар /комиссар Х.Батбилэг/-т: 2.1 Ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, түймэр гарсан үед эхний ээлжинд шуурхай гарч үүрэг гүйцэтгэх Аврах гал унтраах анги, Аврах отрядын хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлж, түймэртэй тэмцэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах. 2.2 Түймэр гарсан үед нутгийн захиргааны болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг шинэчлэн боловсруулж, нийслэлийн Засаг даргын нэрэмжит үзлэгийг 2009 оны 05 дугаар сарын 15-ны дотор явуулж, дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах. 2.3 Ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа болон анхааруулга, санамж, сэрэмжлүүлгийг албан даалгаварт заасан ойн түймэр гарах магадлал бүхий хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой давтамжтай нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах. 2.4 Ой хээрийн түймэр унтраах бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд онцгой анхаарч, гэмтсэн бэртсэн хүмүүст яаралтай эмнэлгийн анхны тусламж үзүүлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, ойн хачиганд хазуулахаас урьдчилан сэргийлж, вакцинд хамруулах арга хэмжээ авах. 2.5 Ой хээрийн түймэр унтраахаар хүн хүч, техник хэрэгсэл олон хоногоор дайчлагдан ажиллах үед шаардагдах хөрөнгийн асуудлыг тухай бүрт нь шийдвэрлүүлэх. Гурав. Нийслэлийн Байгаль хамгаалах газар /Ю.Дэлгэрмаа/-т: 3.1 Хуурайшилтын улиралд нийслэлийн ногоон бүсэд иргэдийн зорчих үйл ажиллагааг хуульд заасан хугацаагаар хязгаарлах, зайлшгүй тохиолдолд гал түймэр гаргахгүй байх талаар баталгаа гаргуулж авах. 3.2 Байгаль хамгаалагч нарын хариуцсан нутаг дэвсгэрт тавих хяналтыг сайжруулж, нутгийн иргэдээс урамшуулалтай морин эргүүлийг гэрээгээр зохион байгуулан гаргаж, тэдний үүрэг гүйцэтгэлийг хавар, намар 2 үе шаттайгаар дүгнэж, гарсан гал түймрийн талаарх мэдээллийг богино хугацаанд холбогдох байгууллагуудад өгч аж ажиллах 3.3 Нийслэлийн ногоон бүсэд авто тээврийн хэрэгсэл нэвтрэхийг хязгаарлах зориулалттай хаалтуудыг сэргээн засварлаж, байнгын ажиллагаатай болгох, ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга, санамж бүхий хуучин самбаруудыг сэргээж, шинээр харуулын цамхаг барьж ажиглалт хийх 3.4 Байгаль хамгаалагч нарыг энэ оны 4 дүгээр сарын 26-ны дотор ой хээрийн түймрийн үед ашиглах 50-иас доошгүй гар багажийг хийлгэж, бэлтгүүлэх, байгаль хамгаалагч нарыг байнгын эргүүл жижүүр ажиллуулах, хуваарийг батлуулах Дөрөв. Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа /Л.Төмөрхүү/, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа /Г.Туул/-нд даалгах нь: 4.1 Хуурайшилтын улиралд тухайн нутгийн захиргааны болон Онцгой байдлын байгууллагуудыг мэдээллээр хангах, холбогдох хууль, тогтоомжийн дагуу хамгаалалтын дэглэмийг сайжруулж, ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх. 4.2 Дархан цаазат болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэнд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийг ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга ажиллагаанд сурган дадлагажуулах, түймэр гарсан үед эхний ээлжинд гарч ажиллах бүрэлдэхүүнийг томилгоожуулан, шаардлагатай багаж хэрэгслээр хангаж, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх. 4.3 Ой хээрийн түймэр гарсан үед холбогдох байгууллагуудтай харилцан ажиллах төлөвлөгөөг боловсруулж, түймэр унтраахаар ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг шаардлагатай хоол хүнс, шатахуунаар хангах нөөцийг бүрдүүлж, бэлэн болгох. Тав. Нийслэлийн Цагдаагийн газар /С.Баатаржав/, Замын цагдаагийн газар / Х.Энхжаргал/-т: 5.1 Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хуурайшилттай улиралд хөдөө орон нутаг, ногоон бүсэд зорчих бүх төрлийн тээврийн хэрэгслийг галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглуулах, энэхүү шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох арга хэмжээ авч хэрэгжүүлэх. 5.2 Ой хээрийн түймэр гарсан шалтгаан нөхцлийг тогтоон, эзэн холбогдогчийг шуурхай илрүүлэн, гэм буруутай хүмүүст хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, нийтэд мэдээлэх. 5.3 Нийслэлийн ногоон бүс рүү гарах замд байнгын пост эргүүл ажиллуулах Зургаа. Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Ойн болон Ой хээрийг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэнд мэргэжлийн хяналтыг тавьж, дүнг танилцуулж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т даалгаж байна. Долоо. Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгах талаархи нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан ажлыг ард иргэдэд байнга мэдээлж, сурталчилахыг Нийслэлийн Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд даалгаж байна. Найм. Нийслэлийн ногоон бүсэд эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж явуулах байгууллага, албан тушаалтны хуваарийг хавсралтаар батлах. Ес. Албан даалгаврын хэрэгжилтэнд хяналт тавьж, ажлын явц үр дүнг 14 хоног тутамд танилцуулж, сар тутам Онцгой байдлын ерөнхий газарт дүнг хүргүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар / комиссар Х.Батбилэг/-т үүрэг болгож байна. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР |
Сүүлд нэмсэн мэдээ2010/09/03 Чөлөөлөх дайны ялалтын баярын хурал боллоо 2010/09/02 Буурлууд энгэртээ одон медалиа гялалзуулав |




